МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зоонозын халдварт өвчин үүсгэгчийг богино хугацаанд оношлох боломжтой
2021.05.25
Орон нутгийн хөгжил

Зоонозын халдварт өвчин үүсгэгчийг богино хугацаанд оношлох боломжтой

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв халдварт өвчний үүсгэгчийг богино хугацаанд оношлох PCR төхөөрөмжтэй боллоо.  

PCR оношилгооны “Rotorgene Q-5plex” төхөөрөмжийг “Төв азийн орнуудад био-аюулгүй байдал, био-хамгааллын үндэсний хууль эрхзүйн орчныг сайжруулах мэргэжлийн сургалт зохион байгуулах бүсийн Р53 (пи53)” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар олгож буй.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт энэ сарын 24-нд Ховд аймагт ажиллах үеэрээ албаныханд гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. 

Уг төхөөрөмж нь нийт 89 сая төгрөгийн өртөгтэй. Зоонозын халдварт өвчний үүсгэгчийг богино хугацаанд, түргэн шуурхай оношлох хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий төхөөрөмж гэдгээрээ онцлогтой аж. 

Зоонозын өвчин судлалын төвийн лаборатори энэхүү төхөөрөмжтэй болсноор коронавирусний халдварыг оношлоод зогсохгүй тарваган тахал, боом, хачигт халдвар зэрэг бусад нян вирусний гаралтай олон төрлийн зоонозын халдварт өвчин үүсгэгчийг орон нутагтаа оношлох боломж бүрдэж байна гэж мэргэжилтнүүд онцоллоо.  

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотоос ирж буй иргэдээс Дарви сумын хяналтын цэг дээр шинжилгээ авч, нэвтрүүлж байгаа.

Иймээс тус төхөөрөмжийг Дарви сумын Эрүүл мэндийн төвд суурилуулан PCR шинжилгээг 6-8 цагийн дотор хийхээр Зоонозын өвчин судлалын төвийн хамт олон бэлтгэл хангажээ. Шинжилгээний сорьцыг Ховд аймгийн төв рүү тээвэрлэж, хариу гарах хүртэлх хугацаанд иргэд олон цагаар хүлээдэг, хугацаа алддаг байсан асуудлыг ийнхүү шийдвэрлэсэн аж. 

ШИНЭ МЭДЭЭ