МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.БЯМБАЦОГТ: Хуулийн үйлчлэх хугацааны саналыг З.ЭНХБОЛД гаргасан
2021.04.20
Улстөр

С.БЯМБАЦОГТ: Хуулийн үйлчлэх хугацааны саналыг З.ЭНХБОЛД гаргасан

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж, хоёрдугаар дүгнэлт гаргасан билээ.

Энэхүү дүгнэлтээр тус хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, мөн өдрөөс түдгэлзүүллээ. Харин хуулийн тавдугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн талаар Үндсэн хуулийн Цэцээс мэдээлсэн байдаг.

Харин энэхүү асуудалд УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад мөн ажлын хэсэгт ярьж ойлголцоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлахдаа үйлчлэх хугацааг нь ярилцсан. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлье гэдэг саналыг илэрхийлсэн. Уг саналыг нь олонх дэмжсэн. Тухайн үед одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжтой гэж ойлголцож байсан. Гэтэл хууль хэрэгжих явцад нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасныг Цэц хэлэлцээд, Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан байна лээ. Болсон процесс нь л энэ, өөр нуух юм байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ