МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих" тендерт 3 компани оролцоно
2021.04.14
Орон нутгийн хөгжил

"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих" тендерт 3 компани оролцоно

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан. Уг асуулгын хариуг Засгийн газраас буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өгчээ.

Хариуд дурдсанаар уг төслийг гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын 3 компанийг орохыг урьсан бөгөөд цар тахлын нөхцөл байдлын улмаас тендерийг нээх хугацааг 30 хоногоор сунгажээ.

Асуулгын хариу бүхий албан бичигт:

Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан "Зээлийн хэлэлцээр"-ийн дагуу БНХАУ-ын талаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 272/2020 дугаартай албан бичгээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт дараах 3 компанийг оролцуулах саналыг ирүүлсэн. 

Үүнд:

  1. POWERCHINA,
  2. China CAMC Engineering Co.,Ltd,
  3. Shanghai Construction Group,

"Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Усан цахилгаан станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх" тендерийг 2021 оны 01 дүгээр сарын 14-нд зарлаж, урилгыг дээрх 3 компанид хүргүүлсэн.

Цар тахлын нөхцөл, хил хаасны улмаас тендерт оролцох дээрх 3 компани тендерийн хугацааг 30 хоногоор сунгах хүсэлт ирүүлсэн учир тендер нээх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 22-ныг хүртэл хойшлуулсан.

Тендер шалгаруулалтыг 2021 оны 6 дугаар сард багтаан зохион байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бөгөөд 2026 оны 07 дугаар сард бүрэн дуусгаж, хүлээн авна.

ШИНЭ МЭДЭЭ