
Оманы Султант Улсын гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийв
Оманы Султант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад бин Хамууд Аль-Бусайди-тай албан ёсны хэлэлцээ хийв. /2025-02-19/
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хагас жилийн дотор хоёр улсын Гадаад харилцааны сайд нар харилцан айлчлал хэрэгжүүлж байгаа нь хоёр талаас харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч буйн илрэл болохыг тэмдэглээд цаашид энэхүү эрчийг хадгалж, харилцааг хөрөнгө оруулалт, худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэх, Оманы хөрөнгө оруулалтын газартай Хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Бадр Аль-Бусайди сайд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилд эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид уул уурхай, эрчим хүч, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүнсний аюулгүй байдал, дэд бүтэц, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа нотлов. Тэрээр хөрөнгө оруулалтын сан байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Оманы хөрөнгө оруулалтын газраас Монгол Улсад ойрын хугацаад мэргэжлийн баг илгээж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг судлахаар шийдвэрлэснийг мэдээлэв.
Цаашид хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байнгын механизмыг байгуулах, тээвээр логистикийг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, Өргөмжит консулуудыг харилцан томилохоор болов.
Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дипломат болон албан, тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээр байгуулсныг тэмдэглээд, цаашид хоёр улсын иргэд, бизнесийн хэлхээ холбоог дэмжих зорилгоор бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр байгуулах саналыг тавив.
Энхийг дэмжих ажиллагааны олон улсын “Хааны эрэлд-2025” сургуульд ажиглагчийн түвшинд анх удаагаа оролцох боломжийг оманы тал судалж үзэхээр болов. Хоёр улсын харилцааг өргөжүүлэн айлчлал, уулзалтуудын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгож, цаашид харилцааны түвшинийг ахиулах зорилгоор Хамтын ажиллагааны замын зураглал гаргаж ажиллахаар тохиролцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 онд Монгол Улсад зохион байгуулагдах Монголын эдийн засгийн форум, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Эмэгтэй бизнес эрхлэгчдийн Олон улсын чуулга уулзалт, Улаанбаатарын яриа хэлэлцээний талаар танилцуулж, эдгээр арга хэмжээнүүдэд Оманы талаас төлөөлөл оролцуулахыг урив.
ШИНЭ МЭДЭЭ

