МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2024.08.29
Эдийн засаг, Худалдаа

2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2024.08.29)-ийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга болон Ерөнхий аудиторын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, М.Нарантуяа-Нара, Б.Бейсен, Ж.Баярмаа, Ж.Чинбүрэн, Байнгын хорооны дарга Л.Энхнасан нар асуулт асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого яагаад тасарсан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсөв юунд зарцуулагдсан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцаас тоног төхөөрөмж худалдан авсан үнэ, Эрүүл мэндийн сангийн зардлын задаргаа, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас хэрэгжүүлсэн “Хавдаргүй Монгол эмэгтэй” аянд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан хөрөнгө, эрт илрүүлгийн хэрэгжилт, гадаадын эмчлүүлэгчдийн зардалд зориулж улсын төсөвт суулгасан 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэл, 13Б маягтаар орон нутгаас Улаанбаатарт ирж эмчлүүлж байгаа иргэдийн нэг талын зардлыг буцаан олгох ажлын хэрэгжилт ямар байгаа, халамжийн үйлчилгээний төсвийн зарцуулалт, хэрэггүй, ашиглалтгүй бараа материалыг үнийн өндөр дүнгээр худалдан авсан асуудалд ямар арга хэмжээ авах, олон жилийн насжилттай авлагуудыг хэрхэн барагдуулах, аудитын дүгнэлтээр хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад шилжүүлсэн хүмүүст үнэхээр хариуцлага тооцож байгаа эсэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөж байлаа.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, аргачлалыг бодитой тодорхойлох, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны эерэг, сөрөг талуудыг судалж шийдвэрлэх, их хэмжээний илүүдэлтэйгээр эм худалдан авч, хугацааг нь дуусган хэрэглэх боломжгүй болгосрн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, Чингис хаан болон Капитал банкны авлагуудыг барагдуулах талаар идэвхтэй ажиллах, өр, авлага үүсгэхгүй ажиллах зэрэг асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.Дараа нь Монгол

Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Б.Бейсен, Ж.Баярмаа, Д.Үүрийнтуяа нар үг хэлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, төсөв санхүүжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, өр, авлагийг шийдвэрлэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангуудын үйл ажиллагаа, хорт хавдрын өвчлөл, аудитын байгууллагын эрх зүйн байдлыг сайжруулж, чиг үүрийг өргөжүүлэх асуудлыг хөндөж, Боловсролын зээлийн болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хүүхдийн төлөө зэрэг сангууд илүүтэй хэмнэлт гаргаж ажилласан байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.