МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Агаарын бохирдол, утааны асуудлаарх гурав дахь удаагийн сонсгол боллоо
2025.01.30
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Агаарын бохирдол, утааны асуудлаарх гурав дахь удаагийн сонсгол боллоо

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.29/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхлэв.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Г.Ганбаатар,  Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, Ж.Чинбүрэн, Б.Уянга, С.Эрдэнэболд, Х.Булгантуяа, М.Нарантуяа-Нара нар болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл болох нийт 111 хүн оролцож байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид эрчим хүчний өдөр, шөнийн тарифын тооцооллоо бүрэн зөв хийхгүй байгааг эргэн харах, улмаар цахилгааныг задгайгаар бичүүлдэг айлуудад хяналт тавьж, тооллууржуулахад анхаарах, улмаар эрчим хүчний тог, цахилгааны холболт шугам сүлжээнд стандартыг мөрдүүлэхэд хяналт тавьж, гал гарахаас сэргийлэх, илтгэлд дурдагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр салбар бүрийн төсвийн тоон мэдээллийг нэгтгэж, Засгийн газраас 2004-2024 оны хугацаанд нийт хэчнээн төгрөг зарцуулсан талаар нэгдсэн мэдээлэл өгөх шаардлагатай талаар санал хэлж байв.

Түүнчлэн Агаарын тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуульд агаарын бохирдлын эсрэг юу хийх ёстойг тодорхой заасан байдаг ч хэрэгжилтийг хангуулах асуудалд Улсын Их Хурлаас Засгийн газарт чиглэл өгч ажиллах шаардлагатай талаар дурдахын зэрэгцээ Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог салбарын яам бус салбар дундын уялдааг хангаж чадах Ерөнхий сайд, Шадар сайдаар ахлуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5.6-д Агаарын бохирдлын нөхөн төлбөрийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Байгаль орчин, уур амьсгалын санд төлнө гэж заасны хэрэгжилт болон орлого төвлөрүүлсэн талаар, тодруулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ