О.Саранчулуун: Олон улсад мэс заслын дараа эмнэлгээс гарч буй хүнд цаашид хэрхэн амьдрах төлөвлөгөөг гаргаж өгдөг
"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл"-өөс зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны сонгол өнөөдөр боллоо.
Тус сонсголд УИХ-ын гишүүн О.Саранчулуун оролцож, өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр хэлэхдээ “Өвчин, осолд өртлөө, #хөгжлийн #бэрхшээлтэй болчихлоо?! #Одоо #хаачих вэ?
Өнөөдөр "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл"-өөс зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны сонголд оролцлоо. Яамны орчны хүртээмж (брайл хэвлэл, налуу зам, гулгадаггүй резин наасан байдал) нь ирсэн хүмүүст маш сайхан санагдсаан.
Гэвч манай эрүүл мэндийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохиолддог асуудал нь "Осол гэмтлийн дараа мэс засалд орсон хүн хаачих вэ?" байдаг. Ядаж хаана протез (хиймэл хөл, гар) хийлгэх вэ гэдэг мэдээллийг өгчих хэрэгтэй. Протез хийлгэх боломжтой ч мэдээлэлгүйн улмаас хагалгаанаас хойш хэдэн жил таягтай, тэргэнцэртэй явж байгаа хүмүүс байна.
Олон улсын туршлагаас харахад мэс заслын дараа эмнэлгээс гарч буй хүнд цаашид хэрхэн амьдрах зөвлөмжийг гаргаж өгдөг. Эрүүл мэнддээ яаж анхаарах, ямар дасгал хөдөлгөөн хийх, ямар хоол хүнс хэрэглэх, хаана протез хийлэгэх, хэзээ ажил эрхэлж болох, хаана ажиллах боломжтой вэ зэрэг цогц зөвлөмжийг тухайн хүний биеийн байдалд тааруулж гаргаж зөвлөж өгснөөр маш том чиглүүлэг болдог.
Иймд 2025 оны яамны төлөвлөгөө, төсөлд 2 зүйлийг онцгойлон захимаар байна.
- Эрүүл мэндийн үйлчилгээний #Мэдээллийн #Хүртээмжийг сайжруулмаар байна. Тухайн эмнэлгийн байгууллагын аль хаалга руу яаж үзүүлэх юм, хаана нь машинаа тавих юм гэхмэтчилэн наад захын зүйлээс эхлэе.
- Эмнэлгээс гарсны дараа цаашдаа яах вэ гэдэг зөвлөмжийг өгч гаргадаг баймаар байна. Тухайн зөвлөмжийг сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, хөдөлгөөн засалч гэх мэт баг хамтран боловсруулдаг байя.
Хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхэд эмч, эмнэлгийн байгууллагад маань маш их бэрхшээл тулгарч байгааг ойлгож байна. Энд 2 талын шалтгаан бий. Нэг талд нь "болж байна шүү дээ" гээд байдаг, нөгөө талд нь үгүй ээ асуудал байна гээд мэдээллийн зөрүү үүсээд байна. Иймд ойлголт, мэдээллийн зөрүүгээ халсан 2025 он байлгая аа бүгдээрээ" хэмээв.