МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.01.23
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

О.Батнайрамдал: Эдийн засагт тулгуур болох ёстой салбар бол тогтвортой аялал жуулчлал

УИХ-ын чуулганы /2025.01.23/ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсанаараа нэгдүгээрт олон зуун жилийн өмнө дэлхийн бодлогыг тодорхойлж ОУ-ын худалдааны цөм болон цогцолж байсан эртний нийслэл Хархорум хотын түүхийг сэргээж шинэ бүтээн байгуулалт хийж байгаа нь эзэнт гүрний мартагдсан түүх, нүүдэлчин соёлыг дахин амилуулж, хойч үедээ үлдээж байгаа бид нарын өв болох ёстой. Хоёрдугаарт эдийн засагт тулгуур болох ёстой салбар бол тогтвортой аялал жуулчлал. Аливаа улсын эдийн засаг өрсөлдөх давуу тал дээрээ тулгуурлаж хөгждөг. Тиймээс Монгол Улсын хувьд уул уурхайгаас гадна аялал жуулчлалын салбар нь эдийн засагт өрсөлдөх тэргүүлэх салбар юм. Дэлхийд танигдсан түүх, Юнескод бүртгэлтэй Орхоны хөндийн сав бол тогтвортой аялал жуулчлалын эдийн засгийн гол тулгуур юм. Ажлын байрыг бий болгож, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах хот болох ёстой. Гуравдугаарт дэвшилтэд технологи дээр суурилсан байгаль орчинд ээлтэй, дэд бүтцийн цогцоор шийдсэн ухаалаг ногоон хот бий болгох цаг нь болсон. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангаж, эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг дэд бүтэц бүхий дараа дараагийн бүтээн байгуулалтад загвар хот болоосой хэмээн бодож байна. Монгол Улсын ирээдүйн хөгжил, бүтээн байгуулалтын баталгаа хэмээн харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны  230 дугаар зарлигаар Засгийн газраас өргөн барьсан энэхүү хуулиа эцэслэн батлахыг эрхэм гишүүд та бүхнээс хичээнгүйлэн хүсье

ШИНЭ МЭДЭЭ