Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар эергээр хүлээн авч байна
2024.11.20
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар эергээр хүлээн авч байна

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Сангийн сайдын хувьд Та ямар тайлбар хэлэх вэ. Хориг тавьснаар хууль эрх зүйн ямар орчин үүсэж байна вэ?

-Хоригийг хүлээж авах, эсэх талаар УИХ ойрын үед хэлэлцэх байх. Хүлээх авах болов уу гэж бодож байна. Энэ талаар бид Засгийн газрын хуралдааны үеэр товч ярилцлаа. Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар эергээр хүлээж авч байгаа.

-Засгийн газарт алдагдалгүй төсөв батлах тооцоолол байна уу?

-Байлгүй яах вэ. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр энэ талаар ярьж байсан, тэгэхээр сонголт байгаа. Засгийн газар 2028 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Хөтөлбөр нэг хүн ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилготой томоохон зорилтууд дэвшүүлсэн. Энэ зорилтдоо хүрэхийн тулд дэд бүтцийн томоохон төслүүдээ эхлүүлэх төсвийг өргөн барьсан. 2025 онд тойргуудад жижиг хөрөнгө оруулалт хийхгүй, нэг удаа том төслүүдээ явуулъя гэсэн бодлогоор төсөвт хандсан.

Хэрэв төсөв алдагдалгүй байх ёстой гэж үзэж байвал Засгийн газар тооцооллоо эргэн харна. 2025 оны улсын төсөв хуулийн тусгай шаардлагынхаа хүрээнд 2 хувийн алдагдалтай байгаа. Дөрвөн жилийн өмнө буюу ковидын үед бид 8.4 их наядын алдагдалтай төсөв баталж байсан.

-Алдагдалгүй төсөв батлахын тулд ирэх оны төсөвт ямар өөрчлөлт оруулах вэ?

-2025 оны төсөвт гадаад томилолт, Соёлын яамны ваучер зэрэг нь маш бага хувь эзэлнэ. Алдагдалгүй төсөв батлахын тулд Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлээс нэлээд танах шаардлага гарах нь. Маргааш, нөгөөдөр хоёр өдөр УИХ-аар хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх байх.

Төсвийн нэг төгрөгийг ч илүү үр ашигтай болгохын тулд салбар салбарын амбицыг дагасан том төсвүүдийг танах шаардлага үүснэ.

-Сайд нарын багцаас ямар таналт хийх вэ?

-Үйл ажиллагааг сугалж танах нь оновчтой биш. Тэгэхээр жигд үйл ажиллагааны урсгал зардлууд дээрээ тодорхой хувь хэмжээгээр танах нь зүйтэй. Засгийн газраас төсөв дээр дахин ажиллаж, тодорхой тоонуудаа гаргаж танилцуулна.

-Төсвийг танахдаа ямар бодлого барих вэ?

-Ирэх жилийн төсвийн орлого талдаа эрсдэл яригдаагүй. Зардал талдаа асуудал байгаа учраас эхлээд хөрөнгө оруулалтаа эрэмбэлж хасна. Хамгийн сүүлд урсгал зардал руу ордог. Тэгэхээр 2.2 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын танах замаар алдагдалгүй төсөв батална. 2025 онд 1.7 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс тал нь хасагдаж таарна.

Үлдсэнийг нь төсвийн 34 ерөнхийлөгч захирагчийн урсгал зардлаас тэнцүү хасах байдлаар явна. Нөгөө талд хөрөнгө оруулалт танагдана гэдэг нь төлөвлөсөн том төслүүд, макро эдийн засгийн хувьд хүрэхээр төлөвлөсөн үзүүлэлтүүд хойшилно. Том төслийн бүтээн байгуулалтыг төсвөөр хийх боломж багасаж байгаа учраас олон талд хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах, тэр чиглэлд түлхүү ажиллах шаардлагууд гарна. Алдагдалгүй төсөв баталъя гэдэг дээр бүх түвшинд санал нэгдэж байна гэж харлаа.

-Төсөв хэлэлцэх үед хүүхдэд соёлын үйлчилгээ үзүүлэхэд 18.3 тэрбум төгрөг тусгасан нь шүүмжлэл дагуулсан. Энэ төсөв одоо хасагдах уу?

-УИХ-аас цаг нь болоогүй гэж үзвэл тэр төсөв хасагдана. 

ШИНЭ МЭДЭЭ