Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг зарлана
2024.11.16
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг зарлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.

Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замыг барихаар төлөвлөж буй. Тодруулбал, хайрцган дам нуруу бүхий хийцлэлтэй нийт 33 км үргэлжлэх дөрвөн эгнээ хурдны замын тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлана.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид өнгөрсөн 30 хоногийн хугацаанд инженерийн бэлтгэл ажлыг хийлээ. Тодруулбал, уг замыг барихад дотоодын компаниудын материалыг ашиглахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд барилга, авто зам, цемент болон арматурын төмөр үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Уг замыг 24-30 сарын хугацаанд барьж дуусгах шахуу хугацаа тавьсан. Хэрэв энэ хугацаанд хурдны замыг барьж дуусвал бусад холбоос замуудтайгаа нийлээд Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш чиглэлийн урсгалыг одоогийн байгаа машины тоон дээр хийсэн судалгаагаар замын хөдөлгөөний ачааллыг 38.6 хувьтай буулгах боломжтой болж буй” гэв.

ШИНЭ МЭДЭЭ