УИХ-ын чуулганы /2024.11.14/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө бол үндсэндээ хууль эрх зүйн сайжруулалт, хүн төвт хөгжлийн тогтвортой бодлого, иргэний оролцоо, хяналт цаашлаад эдийн засаг байгаль орчин, аюулгүй байдал тусгаар тогтнол, нийгмийн хамгаалал, хариуцлагын тогтолцоо гээд Монгол Улсын Их Хурлын стратегийн чиг үүргийн бүхий л агуулгыг оруулсан товч тодорхой стратеги болсон байна гэж дүгнэж байгаа. Энэ стратегийг батлаад цааш хэрэгжүүлнэ. Ингэхдээ, УИХ өөрөө стратегийг стандарттай хэрэгжүүлэх ёстой. Сая хэд хэдэн гишүүн ярилаа. Нөгөө загатнасан газар маажна гэдэг шиг. Стандарт гэдгийг яагаад яриад байгаа юм, яагаад стандарттай байх ёстой юм гэдэг зүйл, энэ танхимаас эхлэх ёстой! УИХ-ын танхим бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний итгэл найдвар, итгэл үнэмшил, сэтгэл итгэл. Цаашилбал, нийгмийн ёс суртахууны оргил гал голомт болсон чухал танхим. Мөн ард иргэдийнхээ хүсэл тэмүүлэл, ирээдүй хойч үеийнхээ итгэл үнэмшлийг тээж орж ирсэн гишүүд сууж байгаа гэж бодож байна. Бид ковидын үед ямар их хүнд нөхцөлтэй байлаа. Одоо эдийн засгаа босгож, асуудлаа шийдэх гээд явж байгаа.
Гэхдээ хэд хэдэн зүйл дээр анхаармаар байна. Нэгдүгээрт, бүс нутаг олон улсын геополитикийн нөхцөл байдал улам ээдрээтэй, энх тайван аюулгүй байдал тогтворгүй эмзэг болж байна. Улс төр, нийгэм эдийн засгийн үйл явц тодорхойгүй бөгөөд мухардмал байдалд орж байна. Хөгжингүй улс орнуудын сэтгэлгээ, соёлын, мэдээлэл технологи, хиймэл оюун ухааны давалгаанд хөгжиж байгаа жижиг буурай улс орнууд цохигдох эрсдэлүүд бий болж байна. Том улс гүрнүүдийн геостратегийн байр суурь бас таахын аргагүй нөхцөл байдалд явж байна. Энэ нөхцөлд Монголчууд та бүхэн гэж биднээс асууж байна. Нарийн яривал, бидний улс эх орны торгон хилийг тогшиж байна, Монголчууд аа гэж! Төрийн бодлогын хар хайрцгийг бас тогшиж байна. Шийдвэр гаргагчид аа! Монгол хүн бүрийн оюун санааг бас тогшиж байна. Монголчууд аа та нар юу бодож байна аа, юу сэтгэж байна. Яаж цаашаа энэ хурдтай өөрчлөгдөж, өсөн нэмэгдэж байгаа ертөнц дэлхийд амьдарч, аж төрөх вэ гэдэг асуултууд хаа сайгүй биднийг тогшиж байна. Тэгэхээр бид эв нэгдэлтэй улс эх орноо авч явах шаардлага байна. Төрийн түшээ гэдэг бол бүхнийг мэдэгч биш. Бүхнийг үгүйсгэгч биш. Энэ миний бие танхимд чуулган эхэлснээс хойш ажиглах маягтай байгаа. Гэхдээ зарим зүйл дээр гэрийн эзэгтэй шиг эсхүл айлын нөхөр шиг аашилж байгаа улс төрийн хандлагууд арай хэтэрч байна! Гэрийн хүн биш, төрийн түшээ болсон гэдгээ зарим нь ойлгож, ухаарч, улс орны нэгдмэл эрх ашиг, нийтлэг үнэт зүйлтэй холбоотой асуудал дээр бодолтой, бодлоготой хандахгүй бол иймэрхүү байдлаар цааш явбал хувийн эрх ашиг, жижиг амбицаар улс төрийг жижиг тоглолт болгож, улс орныг хуваадаг, талцуулдаг, гадна дотнын нөлөөнд автдаг, ард түмнийг төөрөгдүүлдэг, амьдрал ахуйд нь сөргөөр нөлөөлдөг увайгүй үйлдлүүд байж болохгүй!