2024.11.14
Улстөр

С.Бямбацогт: Хамтын шийдвэрээ хүндэтгэх гэдэг үүднээс хэтэрхий хайрцаглаж болохгүй!

УИХ-ын чуулганы /2024.11.14/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг батлах гэж байна. Алив байгууллага бүр өөрийн гэсэн алсын хараа, эрхэм зорилго, үйл ажиллагаандаа баримтлах зарчим, үнэт зүйлстэй ажилладаг. Шинэ парламент бүрдэж анхныхаа чуулганыг хийж байна. Эхэндээ энэ асуудлыг ярьж байгаа нь зөв. Монгол Улсын Их Хурлын 2019-2025 оны стратеги төлөвлөгөөний ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж батлуулж байсан. Үүнд, нээлттэй, ил тод байх, тэгш байдлыг хангах зэрэг хэд хэдэн зарчим орсон байснаас энэ удаагийн төлөвлөгөөнд иргэдийн оролцоог хангах гэсэн үнэт зүйл хасагдсан байсныг байнгын хороон дээр оруулсан. Хамтын шийдвэрийг хүндэтгэх гэсэн зарчим 2019-2025 оны төлөвлөгөөний үнэт зүйлс байсан бол хасагдаж байгаа. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй!   

УИХ нь олохоороо шийдвэр гаргадаг. УИХ-ын гаргасан шийдвэр хууль тогтоол болон батлагдаж, Монгол Улсын иргэн бүр дагаж мөрдөх хуулийг бичиг баримт болж батлагддаг. Хуулийг хүн бүр дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрсдөө хуулиа баталчхаад, тэр хуулиа маргаашаас нь эхлээд шүүмжлээд,  эсэргүүцээд, буруутгаад байвал УИХ-ын баталсан хууль тогтоомжийг хэн мөрдөх вэ!

Иймд хамтын шийдвэрийг хүндэтгэдэг байх ёстой гэдэг саналыг гаргасан. Энэ үүднээсээ бид асуудалд ханддаг байх ёстой гэсэн зарчмыг барьж байна. Мэдээж хамтын шийдвэр гарч, хууль болж батлагдах хүртэл хэлэлцэх эсэх, ажлын хэсэг байгуулагдах, шаардлагатай бол УИХ-ын тамгын газраас хууль зүйн дүгнэлт гаргуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулах, эрдэмтэн  судлаачдыг оролцуулах. Ингэж байж анхны хэлэлцүүлэг хийх, анхны хэлэлцүүлгийн явцад байнгын хороонд зарчмын зөрүүтэй санал гаргаад, саналууд хураагдаад, цөөнх болоод,  УИХ-ын чуулганд оруулж мэтгэлцэн ярилцаж, 2-3 хэлэлцүүлэг өрнөсний дараагаар хууль болон батлагддаг. Энэ процессыг дэгийн тухай хуулиараа сайжруулах шаардлага байна. Харин энэ олон процессыг дамжиж хууль батлагдсан л бол бүгдээрээ дагаж мөрддөг байх хэрэгтэй.  Үүн дээр анхаарах шаардлагатай! 

ШИНЭ МЭДЭЭ