МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ц.Мөнхбат: Ураны талаар эерэг ойлгож байгаа нэг ч хүн байхгүй

УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

 УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:

Энэ бол эмзэг сэдэв. Манай ард иргэдийн дунд болон бид нарын хувьд үүн дээр ойлголт маш сул явдаг. Мэргэжлийн экспертүүд энэ тал дээр эерэг сөрөг ойлголтыг ээлжилж ярьдаг ийм л сэдэв. Өнөөдөр бол цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр олон нийтийн ойлголтыг сайжруулах энэ чиглэл дээр ганц хоёр асуулт асууя.

Монгол Улсад ураны лиценз хэд байдаг вэ? Үүнийг тодорхой хариулж өгнө үү хэд нь гадаадын хөрөнгө оруулалттай байдаг вэ? Мон-Атом ХХК бүгд дээр нь хувь эзэмшдэг үү, зарим дээр нь эзэмшдэг үү манай Мон-Атом ХХК энэ лицензүүдэд ямар үүрэгтэй оролцдог вэ? Хуульд нэмэлт өөрчлөлт хийж байгаа болохоор нэлээн сайжрах ёстой, өмнөх алдаануудаа давтахгүй байх ёстой гэдэг зарчмыг зүйлийг ойлгож байна. Орон нутгийн харилцах харилцааг энэхүү хуульд хэрхэн тусгаж байна вэ? Орон нутгийн харилцах харилцааг тусгахгүйгээр явах юм бол дахиад л энэ тэнд эсэргүүцэл, мөргөлдөөн үүснэ үүн дээр тодорхой хариулт авмаар байна.

Орон нутагт үүсэх үр өгөөжийг хуульд тодорхой оруулж ирэхгүй эсхүл гэрээн дээрээ нэмж оруулах юм уу ингээд явах юм бол ойлгомжгүй болно. Энэ нэгхэн лицензтэй холбоотой асуудал яригдаагүй говийн бүс нутагт тэр чигээрээ уран байгаа хөрөнгө оруулж байгаа компани, хайгуул хийж байгаа компани очих болгонд тэмцэл гардаг тэгэхээр үүн дээр ямар нэгдсэн ойлголттой болох юм. 

Хоёрдугаарт татварын зохицуулалт дээр тодорхой зүйл асууя. АМНАТ-ийн 30 хувийг орон нутагт өгнө гэж байгаа тэгтэл сая Учрал сайд ирээдүй өв санд нэг хэсгийг нь өгөөд үүн дээр 10 хувийг нь өгнө гэх юм энэ цөмийн энергийн хууль дээр өөрөөр оруулж ирэх гэж байгаа юм уу? НӨАТ төлөх юм уу?

Ураныг ард түмэнд эерэг ойлгож байгаа хүн байхгүй байх бүгд л сөрөг ойлголттой. Зарим ахмад геологичид буруу ойлголтыг олон нийтийн мэдээллээр гаргадаг үүнээс болоод урантай холбоотой ойр орчимд  ажиллаж, амьдарч байгаа малчид сөрөг ойлголттой байдаг. Хөрөнгө оруулагч нар очихоор бөөн эсэргүүцэлтэй тулгардаг тэгэхээр эерэг ойлголт өгөх мэдээлэл  контентыг танайх хийж болдоггүй юм уу? 

Түүний асуултад Мон-Атом ХХК захирал Д.Далайжаргал, ажлын хэсгийн гишүүд хариуллаа.