МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ
2024.11.08
Эдийн засаг, Худалдаа

ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.08) хуралдаан 09 цаг 46 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж, 2025 оны 01 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2025 оны 01 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх, төсвийн төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал тогтоолын төслийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагуудыг тогтвортой хангахад нөлөөлж буй эсэхэд үнэлгээ хийж, энэ талаарх дүгнэлт болон авч хэрэгжүүлэх саналаа 2025 оны 01 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэсэн бол, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тогтоолын төслийг баталбал төрийн болон хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах боломжгүй болох тул төсвийн төслийг Засгийн газарт буцаах саналтай байв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар төсвийн тодотголыг 2025 оны II улиралд багтаан өргөн мэдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Т.Аубакир нар төсвийн тодотголыг 2024 онд багтаан Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэхээр өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ингээд гишүүдээс гаргасан тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас тогтоолын төслийн Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан боловсруулж, Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон 14 гишүүний 9 нь буюу 64.3 хувь нь дэмжлээ.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив.

Байнгын хорооноос дэмжсэн саналуудыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ