МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улс төрийн намын санхүүжилтийн талаарх олон улсын туршлагыг хэлэлцлээ
2024.11.08
Улстөр

Улс төрийн намын санхүүжилтийн талаарх олон улсын туршлагыг хэлэлцлээ

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хамтран өнөөдөр (2024.11.07) “Улс төрийн намын санхүүжилт ба Монгол Улс, пост коммунист орнуудын туршлага, харьцуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Их Британы Ноттингхамын их сургуулийн профессор Фернандо Касал Бертоа тавьсан юм. Тэрбээр пост коммунист орнуудын улс төрийн намын санхүүжилтийн харьцуулсан судалгааг сүүлийн жилүүдэд дагнан хийж, энэ талаар ном гаргасан байна.

Профессор Фернандо Касал Бертоа илтгэлдээ Монгол Улс болон бусад пост коммунист орнуудын улс төрийн намын тухай хууль тогтоомж, эрх зүйн орчныг харьцуулан өгүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэлтэй асуудлууд, намын санхүүжилтийн хяналтыг хэрэгжүүлэх субъектуудын эрх зүйн чадамж, энэ асуудлаарх парламентын болон Засгийн газрын эрх хэмжээг хэрхэн тодорхойлсон зэргийг нарийвчлан авч үзсэн байна.

Пост коммунист орнуудын улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоонд парламентад суудалгүй намуудад санхүүжилт олгох, мөн жендэрийн тэгш байдалд чиглэсэн санхүүжилт, бэлэн бус болон арилжааны бус санхүүжилт, мөн “Ардчиллыг дэмжих” олон улсын санхүүжилт, сонгуулийн зардлын ил тод байдал, завсрын тайлан, гуравдагч этгээдийн сурталчилгааны хориг хязгаарлалт, сонгуулийн байгууллагын эрх хэмжээ, хариуцлагын тогтолцоо зэрэг дэвшилтэт арга хэрэгслүүдийг тодорхой хэмжээнд хэрэглэж байгаа ч нарийвчилсан зохицуулалт байхгүй, парламентын суудлыг хувьчлан хуваарилаагүй, улс төрийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо, зохицуулалт байхгүй, улс төрийн санхүүжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үздэггүй, хандивлагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт сул зэрэг учир дутагдал олон байгааг тэрбээр дурдсан юм.

Мөн хэлэлцүүлэгт Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Улс төрийн санхүүжилт ба Монгол Улс” сэдэвт илтгэл тавилаа. Тэрбээр Улсын Их Хурлын 2020, 2024 оны сонгууль, тэдгээрийн үр дүнг харьцуулан авч үзсэн байна. Улсын Их Хурлын сонгуулийн тойргуудын сонгогчдын дундаж тоо 28,692 бол, нийслэл Улаанбаатар хотын тойргуудын сонгогчдын дундаж 45,575 буюу ерөнхий дунджаас 60 хувиар илүү, орон нутгийн тойргуудын дундаж 21,119 буюу ерөнхий дунджаас 26 хувиар бага байна. Энэ зөрүүг 10 хувиас хэтрүүлэхгүй байх Венецийн комиссын шаардлагыг дээрх үзүүлэлтийн аль аль нь хангахгүй байгааг тэрбээр онцлов.

Мөн тэрбээр 2020 оны сонгуульд МАН, АН хоёр нийт сонгогчдын 69.4 хувийн саналыг авсан боловч парламентын суудлын 96.1 хувийг эзэлсэн бол 2024 онд сонгогчдын 61.0 хувийн саналаар парламентын суудлыг мажоритар аргаар бүрдсэн хэсгийн 97.4 хувийг эзэлсэн нь сонгуулийн хувь тэнцүүлэх зарчмын хэрэгжилт хангалтгүй байгааг илэрхийлж байна гэсэн юм. Сонгуулийн зардал бүрдүүлэлт, түүний тайлагналд илүү нарийвчилсан хяналт хэрэгжүүлэх шаардлага байгааг тэрбээр илтгэлдээ дурдав.

Хэлэлцүүлэгт оролцогчид үндсэн илтгэлүүдтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.Улс төрийн намын санхүүжилтын талаарх хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Р.Батболд, Б.Мөнхсоёл, Л.Соронзонболд нар болон Монголын улс төрийн намуудын төлөөлөл оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ