МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Саранчулуун: Би гүйж чадаж байхад юу боллоо гэж гуних вэ
О.Саранчулуун Ахиллис Интернэшнл байгууллагын Монгол дахь салбарын захирал
2016.12.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

О.Саранчулуун: Би гүйж чадаж байхад юу боллоо гэж гуних вэ

Одоогоос хоёр жилийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотын марафонд Монголын нуман хөлтэй бүсгүй амжилттай оролцсон талаарх мэдээлэл цацагдаж байсан. Тэрбээр АШУҮИС-ийн багш О.Саранчулуун бөгөөд өдгөө Ахиллис Интернэшнл байгууллагын Монгол дахь салбарын захирал юм.

"Чи Нью Йоркийн марафонд амжилт үзүүлбэл
чамд Ахиллис Монголын эрхийг өгье"

Таныг Нью Йоркийн марафонд амжилт үзүүлсэн болохоор мэргэжлийн тамирчин л гэж бодож байлаа. Яагаад гүйх болсон шалтгаан нь сонин байна?

Тийм ээ, би АШУҮИС-т нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ажлын чиглэлээр багшилдаг. 2014 онд Колумбын их сургуулийн Нийгмийн ажлын сургуульд нэг жил мэргэжил дээшлүүлсэн. Төрөөд удаагүй байхдаа явсан учраас жингийн илүүдэлтэй, нэг хөл дээр хамаг ачааллаа авдаг тул явахад бэрхшээлтэй байв. Тиймээс спортоор хичээллэхээр шийдсэн. Монголд хийдэг хиймэл хөл тийм ч эвтэйхэн бус. Хүний хөл холгохоор ямар хэцүү байдаг билээ тийм зовиуртайгаар 20 гаруй жил явсан.

Америкт очмогц сүүлийн үеийн хиймэл хөл судалж үзлээ. Гэтэл силикон оймс нь биед эвтэйхэн, их зөөлөн, хүний биеийн хөдөлгөөнд ямар ч саад учруулахгүй байлаа. Америк дахь найзуудаасаа сурагласны эцэст идэвхтэй хөдөлгөөнтэй, спортоор хичээллэх сонирхолтой хүмүүст зориулсан гүйлтийн хөл хийж өгдөг байгууллагыг олсон. Тэр нь “Хиймэл хөлөөр гүйгчдийн холбоо” байв. Тэдний шалгуурт нийцэж гүйлтийн хөлтэй болсон.

Өмнө нь гүйж үзээгүй байсан уу. Гүйлтийн хөлтэй болоод хийсэн анхны гүйлт амаргүй байв уу?

Би ер нь амьдралдаа спортоор хичээллэх нь битгий хэл гүйж ч үзээгүй байв. Гүйлтийн хөлтэй болмогцоо Нью Йоркийн төв паркт гүйх гэж оролддог байлаа. Эхний 14 хоног үнэхээр аймшигтай байв. Гэхдээ дасгалжуулагч маань энэ бол өвдөлт. Өвдөлт дундаа маш сайн өвдөлт. Чи хэзээ ч энэ хөлөөр гүйж үзээгүй болохоор бэрх байгаа. Гүйх тусам өвдөлт багасна гэж зөвлөсөн тул их гүрийсэн. Үнэхээр ч тийм байлаа.

Огт гүйдэггүй байсан хүн гүйгээд, бүр марафонд оролцсон гэхээр л гайхшрал төрөөд байгаа юм?

Гүйлтийн хөлөө ашиглаад л мягмар гараг бүр Нью Йоркийн Төв паркт бэлтгэл хийдэг байлаа. Нэг удаа уралдааны тэргэнцэртэй хүмүүс ирэв. Шууд л сонирхож очоод танилцлаа. Тэдний уралдааны тэргэнцрийг унаж үзэхийг их хүссэн юм л даа. Тэр үед тэнд байсан нэг өвгөн өөрийнхөө тэргэнцрийг унахыг зөвшөөрлөө.

Би тэргэнцрээр нь парк дахь жижиг нуурыг амархан тойрсонд тэр өвгөн “Чамд үнэхээр боломж байна”  гэж урамшуулж,  Монголоос ирсэн надтай нэлээд танимхайран ярилцаж билээ.  Гэтэл тэр хүн Ахиллис Интернейшнл олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч байв. Энэ байгууллагын хувьд өмнө нь 1990-ээд оны үед Монголоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олон улсын марафонд явуулсан байгаа юм. Энэ ажилд нь Гэрэлцогт хэмээх монгол бүсгүй их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд одоогоор тус байгууллагын гадаад салбаруудыг хариуцсан захирлын албыг хашдаг юм.

Танын марафонд уралдвал Ахиллис Монголын хөтөлбөр үйл ажиллагааг эргэн сэргээхэд тусалъя гэсэн байх аа? 

Тийм ээ. Чи Нью Йоркийн марафонд амжилттай оролцвол Ахиллис Монголын хөтөлбөр үйл ажиллагааг эргэн сэргээхэд тусалъя  гэсэн. Энэ эрхийг авснаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон улсын марафонуудад оролцох бүрэн боломжтой болох учраас би хичээх ёстой гэж өөртөө амласан. 

Олон хүний дэмжлэгийг тээж байгаа учир надад буцаж, няцах эрх байгаагүй

Миний хувьд 42 километрт гүйнэ гэхээр төсөөлөгдөхгүй байна. Гэтэл та үүнийг чадсан. Тэгэхээр биеийн чадвараас илүү сэтгэлзүйн спорт гэдэг нь маргаангүй юм шиг?

Тийм ээ, бага багаар гүйлтийнхээ зайг нэмэх шаардлагатай. Тэгээд өөрийнхөө сэтгэлзүйг урьдчилан бэлтгэж ажил амралтаа зохицуулах нь маш чухал. Сэтгэлзүйгээрээ шантарвал хэзээ ч хол зайг туулж чадахгүй. Марафонд гүйхийн тулд хамгийн багадаа зургаан сар бэлтгэх хэрэгтэй. Гүйх бүрт эхний 15 минут маш хүнд. Үүнээс хойш дасна. Хамгийн сайхан нь гүйлтээр хичээллэж, хол зай туулах үед хүний тархинд хүчилтөрөгч очоод их сайн ажилладаг юм билээ. Тэр үед би өөрийнхөө төлөвлөсөн ажлууд, цэгцэлж чадаагүй бүхнээ толгойдоо боддог болсон.

Та гүйлтийн хөлтэй найман цаг тасралтгүй гүйж бариандаа хүрсэн гэсэн. Өөрийгөө хэрхэн зоригжуулж байв?

Бүх марафонч 34 дэх километрт "Үхлийн цэг"-тэй тулдаг. Учир нь хүн ходоод дахь хоолоороо гурван цагаас илүү гүйж чаддаггүй гэх юм билээ.  Нэг хөл хиймэл болохоор надад бүр л хүнд тусаж байв. Тэр үеийг давахын тулд урьдчилж судалж, бэлтгэх нь их чухал. Яах аргагүй 32 дэх километрт бие сулраад газар хэвтээд өгмөөр санагдсан. Гэсэн ч зорилгодоо хөтлөгдөөд, хүмүүсийн уухайн дуунд эрч хүч авсан. Хиймэл хөлтэй хүн марафонд ховор харагддаг болохоор хүмүүс их сэтгэлээр дэмжиж уухайлна.

Олон хүний дэмжлэгийг тээж байгаа учир надад буцаж, няцах эрх байгаагүй. Өөрөөр хэлбэл би амьдралдаа бусдын тусламж дэмжлэгээр маш олон хүн хэцүү бүхнийг туулж гарсан. 13 насандаа хавдар тусаж эдгэсэн, хөлөө тайруулсан, ядуу тарчиг гэр бүлд өссөн хэрнээ анги хамт олны дэмжлэгээр өдий зэрэгтээ хүрсэн, олон хүний тусламжтайгаар дэлхийн марафонд хүртэл уралдаж байна. Намайг гэсэн тэр олон хүний сэтгэлийн хариуд би урмыг нь хугалах ёсгүй биз дээ. Тэр л бодлоор марафоны үеийн өвдөлтийг даваад гарсан.

Барианд орох мэдрэмж гайхалтай байсан биз?

Гайхалтай мэдрэмж. Шантраад дундаас нь гармаар сорилтуудтай тулгарсан ч тэссэн. Барианд орсныхоо дараа уйлмаар санагдсан ч тэнхэл хүрээгүй. Хамаг бие хөндүүрлэсэн байлаа.

Тэр үед ардаа хэчнээн хүнийг үлдээж байв?

2014 оны марафонд 300 гаруй хүн үлдсэн бол 2015 онд 500 орчим хүнийг ардаа орхисон байв.

О.Саранчулуун Ахиллис Интернэшнл байгууллагын Монгол дахь салбарын захирал

Анх гүйлтэд нэгдэж байхдаа амьдралдаа гундуу явсан
хоёр гаргүй залуу өнөөдөр дэлхийн марафонд амжилт үзүүлж байна

Танай байгууллага өнөөдөр ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

Олон улсын байгууллагын салбар байгуулах тийм ч амархан байгаагүй. Маш өндөр шалгууртай. Олон улсын төсөл хөтөлбөрүүдийг Монгол хөрсөнд буулгаж хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсан. Ариг банктай хамтран байгуулагдсанаасаа хойш хоёр жил өнгөрчихөж. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй олон иргэнтэй уулзсан. Үйл ажиллагаа одоо л жигдэрч байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спортын хэрэгсэл нь байхгүй, хүн болгонд над шиг хөл хийлгээд байх боломжгүй.

Мөн өвчин эмгэг, ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийг тосч аваад нийгэмшүүлэх шаардлага өнөөдөр зайлшгүй байна. Тэгэхээр энэ мэт нийгмийн асуудлуудыг шийдэж байж спортоор хичээллэх боломжийг бий болгохыг олж харсан. Үүнийг шийдвэрлэхийн тулд зөвхөн Монголын онцлогтой дөрвөн хөтөлбөр, олон улсад хэрэгждэг гурван  хөтөлбөр боловсруулсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан ажлаасаа сонирхуулбал?

Монголд жилд 200-300 хүн мөчөө тайруулж байна гэсэн албан бус тоо бий. Тэр хүмүүст хөлөө тайруулсныхаа дараа очих газар байдаггүй. Улсын эмнэлэг голлох мэс заслуудыг хийдэг ч ачааллаа дийлэхгүй учраас нийгмийн үйлчилгээнд төдийлөн анхаарч чаддаггүй.  Харин манай байгууллага эмнэлэгт Дэмжих-Боловсролын бүлгийг байгуулж шинээр хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүст “Мэс заслын дараа бухимдал ачааллаа хэрхэн дарах”, “Хэрхэн амьдрах”, “Ямар хуулийн зүйл заалт байдаг” гэх мэт нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг өгөх, танин мэдэхүйн төрлийн хичээлийг заадаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Ахиллис хүүхэд” олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бид бүх нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлэх зорилготой ажилладаг. Жил болгон марафон зохион байгуулж байгаа бөгөөд үүнээс олсон орлогоороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг.

Ер нь танд өөрөөрөө үлгэрлэж бусдын амьдралд эерэгээр нөлөөлсөн тохиолдол хэр байдаг вэ?

Нью Йоркт байхдаа 5, 10 километрийн уралдаануудад гүйж үзээд үнэхээр боломжийн санагдсан учраас Монголд ийм гүйлтүүд зохион байгуулах сонирхол төрсөн. 2014 оны дөрөвдүгээр сард олон нийтийн цахим хуудаснаа гүйлтийн “Let’s run Mongolia” хэмээх групп байгуулсан. Хамтдаа хагас сайны өглөө гүйхийг уриалсан. Анхны гүйлтэд ихэвчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ирлээ. Яагаад эрүүл хүмүүс ирэхгүй байгааг гайхсан. Гэтэл миний зургийг харсан хүмүүс зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст л хамаатай гэж ойлгосон юм билээ. Энэ нь бидний дунд үл үзэгдэх хана байгааг нотолж байлаа.

Тэгээд тэр аянаа зогсолтгүйгээр үргэлжлүүлж бүх хүнийг хагассайн болгон “Хамтдаа гүйцгээе” хэмээн уриалж гүйдэг болов. Тэр дунд янз бүрийн л хүмүүс ирдэг байснаас хөгжлийн бэрхшээлтэй залуус ч цөөнгүй байсан. Анх уулзсанаасаа хойш тууштай гүйлтээр хичээллэж амьдралаа өөрчилсөн ганц хоёр хүмүүс бий.  Тэд манайхаас  зохион байгуулсан бүх арга хэмжээнд идэвхтэй оролцдог байлаа. Сая өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон Нью Йоркийн марафонд нэг нь маш  амжилттай оролцоод ирсэн. Түүнийг Батзориг гэнэ. Тэрбээр анх ирэхдээ амьдралаа өөрчлөх хүсэлтэй байгаагаа хэлж гүйлтээр хичээллэхэд туслаач гэж билээ. Би түүнд зарим нэг хатуу үгсийг хэлсэн нь өөрийгөө ирлэх шалтгаан болсон гэсэн.

Зоригоогийн хувьд долоо, найман жилийн өмнө хоёр гараа тайруулсан юм билээ. Нэг удаа цайны газарт “Чи хулгай хийсэн болохоор хоёр гараа тасдуулсан байна” гэж хүмүүст гадуурхагдсанаас хойш хэзээ ч гуанзанд орохоо байж. Улмаар амьдрал ахуй нь ч тааруу, ажил төрөл ч гүй гутарсан хүн гүйлтэд нэгдэж байлаа. Гэтэл өнөөдөр олон улсын хоёр ч марафонд амжилттай оролцжээ. 2015 онд Нью Йоркийн марафонд 42 км зайг таван цагт туулсан. Гэтэл энэ жилийнхийг гурван цагт л туулж амжилтаа эвдсэн. Бараг мэргэжлийнхэнтэй амжилтаараа дөхсөн. Энэ марафонд орон орны Ахиллисчууд оролцдог. Тэр дотроос амжилтаараа Батзориг гуравт орсон. Тухайн үед телевизд өгсөн ярилцлагадаа “Би гүйлтээр амьдралаа өөрчилж чадсан. Хүн хэзээ ч оройтдоггүй юм. Би өнөөдөр хоёр гараасаа ичихээ больсон. Ажил хийж байна. Миний амьдралыг өөрчилхөд нөлөөлсөн  Саранчулуунд баярлалаа” гэж хэлсэн. Тэр бол ганц миний биш манай Ахиллисийнхний бахархах нэг жишээ юм. Манай группээс энэ мэт цөөнгүй гүйгчид төрсөн.

Израильд сургуулиа төгсөхийнхөө өмнөхөн
багшдаа нэг хөлгүй гэдгээ хэлж байлаа

Та Израильд Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлээрээ мастер хамгаалсан гэсэн. Гадаадад хөл тавихад хүмүүсийн хандлага, орчин нь ямар мэдрэмжийг өгч байсан бэ?

Хамгийн том ялгаа нь юун дээр харагдаж байсан бэ гэхээр манай сургуулийн багш, оюутнууд, эргэн тойрныхон нийгмийн харилцаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар байх ёстой тэр л жишгээр хандаж байлаа. Хүндэтгэлтэй харилцаж байгаа нь их дэмжлэг болсон. Тэдний дэмжлэгээр маш олон зүйлийн ард гарсан.

Эргэн тойрныхон чинь таныг хиймэл хөлтэй гэдгийг хожуу мэдсэн гэсэн байх аа?

Харин тийм ээ. Их халуун газар учраас Монгол протезтой явсан болохоор холгож нухаад их хэцүү байв. Түүнийгээ ангийнхандаа хэлэхгүй их тэссэн. Тэгээд бүр болохоо байх үедээ буюу буцахынхаа өмнөхөн нэг багшдаа хэлсэн. “Би хөлгүй юм аа. Миний хөл холгож хорсоод үнэхээр хэцүү байна. Энэ хотод протезны үйлдвэр байна уу” хэмээн анх удаагаа ичихгүй асуулаа. Гэтэл манай багш бүр гайхаад намайг протезны үйлдвэр рүү дагуулж яваад хөлний зөөлөвч оймсыг сольж өгсөн. Багш “Чи үүнээсээ ичих ёсгүй. Харин ч өөрөөрөө бахархах хэрэгтэй” гэж анх удаа хэлж билээ.

Төгсөхийнхөө өмнө багшдаа хэлсэн гэхээр их л гүрийж дээ. Та их тэсвэр, тэвчээртэй хүн юм аа. Эрүүл хүмүүст мэдэгдэхгүйгээр явна гэдэг мэдээж хэцүү шүү дээ…

Намайг хөл муутай гэж харсан болохоос тайруулсныг хэн нь ч мэдээгүй. Тэр ангид Америкаас гурван оюутан сурдаг байсан. Нэг нь Нью Йорк, нөгөөх нь Чикагод эмчээр ажилладаг. Намайг Нью Йоркт очиход эмч найз минь протезны үйлдвэртэй анх холбож өгч гүйлтийн хөлтэй болгож байсан. Халуун оронд Монголд хийлгэсэн хөл холгож үргэлж шархалж зовоож байсан ч өмнө тавьсан зорилго, ард хүлээлгэсэн хүмүүс, сургуулийнхаа итгэлийг алдахгүйн тулд гүрийсэн.

­­Та амьдралдаа хэр барагтай гомдоллодоггүй байх аа?

Тэгэлгүй яах вэ. Хэцүү байна гэж барагтай гомдоллодоггүй.  Гутарсан юм нь гадаадад байхдаа хэлний бэрхшээлээс болж муу дүн авахдаа л өөрийгөө зэмлэж байсан. Түүнээс бус хөл гараасаа болж гутраад тэр зовлонгоо хүнд үүрүүлж дарамт болох ямар ч шаардлагагүй.

“Чи амьдралдаа толгойгоо л ажиллуулна уу гэхээс
хөлөөрөө хоол олж идэхгүй”

Өөртөө итгэх итгэл, хатыг хэнээс өвлөсөн бэ, ярилцлагууддаа та эмээгээ их дурдсан байсан?

Гэр бүлийн хувьд хувийн дасгалжуулагч эмээ минь байлаа. Тэрбээр “Яасан гэж ичих юм. Чи амьдралд толгойгоо л ажиллуулна уу гэхээс хөлөөрөө хоол олж идэхгүй шүү” гэх ойлголтыг яс маханд суулгасан. Эмээ минь хамгийн зөв сонголт хичээл номоо сайн хийх, өөр зүйлд сатаарах хэрэггүй гэж үргэлж сургана. Намайг оюунлаг хүн болоосой гэж их хүсдэг байж. Эмээтэйгээ амьдардаг байхад намайг хичээлээ л хий гээд гал түлэх, түлээ хагалах, ус зөөх, хоол хийх зэрэг бүхий л ажлаа өөрөө хийдэг байв.

Та 13 насандаа хөгжлийн бэрхшээлтэй болох үед эргэн тойрныхон хэрхэн хүлээж авч байсан бэ. Бүгд эмээ шиг бодолтой байгаагүй нь лав байх?

Эргэн тойрныхон миний ирээдүйд их санаа зовж байсан. Анх хөлөө тайруулсны дараа хөгжлийн бэрхшээлтэй хүн дээд сургуульд сурах шаардлагатай юм уу, хөлгүй юм чинь мэргэжлийн дамжаанд явуулбал яасан юм гэсэн яриа ч гарч байсан. Дээд сургуульд орж чадах эсэхэд ихэнх нь эргэлзсэн. Гэтэл эмээ, нэг эгч маань “Дээд сургуульд хөл шалгаж ордог болчихсон юм уу. Толгойгоороо тэнцвэл орно шүү дээ” гэж билээ.

­Хүмүүсийн нийтлэг хандлага бол яг л ийм. Хөгжлийн бэрхшээлтэй болсон юм чинь угаасаа чадахгүй гэдэг…

Оюун ухаан нь хэвийн л ажилладаг бол бүх төрлийн л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дээд бусдын л адил боловсрол эзэмшиж, ажил хийж, дурлаж болзоонд явах боломжтой. Үнэхээр хүнд хэлбэрийн оюуны бэрхшээлтэй бол хэцүү. Хүмүүсийн хандлага бол дүлий, хараагүй, саажилттай бол сэтгэцийн хувьд хэвийн бус гэж боддог. Зарим хүн  хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй эргүү тэнэг юм шиг л харилцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бусдын адил боловсрол эзэмшиж нийгмийн харилцаанд орох боломж нь тааруу, явах газар нь хязгаарлагдмал байсаар байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь өөртөө итгэлгүй байдаг юм шиг санагддаг. Энэ нь өссөн орчноос шууд хамаардаг байх?

Орчноос шууд хамаарна. Бид Ахиллисын төслийн шугамаар хөгжлийн бэрхшээлтэй олон хүн, хүүхэдтэй уулзаж байсан. Өөртөө итгэлгүй, гутарсан, бухимдсан тийм дүр зураг угтдаг. Тэгэхээр хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болмогц нийгмийн нөхөн сэргээлт яаралтай хийх шаардлагатай. Гэтэл манайд эрүүл мэндийн л нөхөн сэргээлт хийж, тэргэнцрээр хангадаг. Тэргэнцэр хэзээ ч хүнтэй ярихгүй. Суудаг, явдаг тэрэгтэй болчихлоо. Суугаад хаа хүрэх вэ. Хүссэн газраа явж чадаж байна уу. Тэгэхээр миний яриад байгаа нийгмийн нөхөн сэргээлтэд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тэр хүнд сэтгэлзүйн гэмтлээ эдгээх, даван туулах, “шинэ” амьдралд хөлөө олоход нь итгэл, найдвар, хэрэгтэй шүү дээ. Миний хувьд эмээ, сургуулийн ангийнхан, найз нөхдийн дэмжлэг их байсан. Хэзээ ч гадуурхлыг мэдэрч байгаагүй. Огт танихгүй хүмүүсийг гадуурхах байхдаа л гэж төсөөлж байв. Тийм хүрээлэл, орчин зарим тэр бүр хүмүүст байдаггүй байх. Тэгээд гутранги, өөртөө итгэлгүй болдог юм болов уу.

О.Саранчулуун Ахиллис Интернэшнл байгууллагын Монгол дахь салбарын захирал

Хүн сайхан амьдрахын тулд заавал дааж давашгүй зовлон үзсэн байх албагүй

Хөгжлийн бэрхшээлтэй гэх үгээр тодорхойлогдоод явах хэцүү юу. Хөгжлийн бэрхшээл гэдэг үгэнд хэр мэдрэмжтэй ханддаг вэ?

Хүн болгонд хөгжлийн бэрхшээл бий. Миний хувьд хөлийн нэг хэсэг байхгүй бол зарим хүний бэрхшээл харагддаггүй далд хэлбэртэй. Хүн амьдралдаа хоёр төрлийн гэмтэл авдаг. Нэг нь бие махбодынх бол нөгөөх нь сэтгэл санааных. Эхнийх нь эдгэрнэ, эсвэл гэмтсэн хэсгийг нь авч хаяж болдог. Гэтэл сэтгэл санааны гэмтсэн хэсгийг авах боломжгүй байдаг. Тиймээс бугласаар байна. Тийм хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэж бид ялган харж чаддаггүй. Монголд нийгмийн асуудлаас болоод далд хөгжлийн бэрхшээлтэй болсон олон хүн бий.

Та би хөлөөсөө ичдэггүй. Энэ бол ичих зүйл биш гэж ярьсан байсан?

Би өмнө нь хөл, намхан биенээсээ ичдэг байлаа. Гэтэл гадаад үзэмжээс ичиж болохгүй гэдгийг анх хүүхдээ төрүүлээд ойлгосон. Миний ээж намайг төрүүлснийхээ дараа яг л миний мэдэрсэнчлэн төгс бүтээл гэж л хайрласан байгаа. Хэчнээн хөлгүй ч ээждээ төгс хэвээрээ л байгаа. Гэмт хэрэг хийж, хүн ичихээр зүйл хийгээгүй байж  биеэсээ ичих нь утгагүй.

Хүн амьдралдаа байж чадах хамгийн сайн хувилбараар амьдрах ёстой гэж хэлсэн тань их таалагдсан?

Тийм ээ. Хүн сайхан амьдрахын тулд заавал дааж давашгүй зовлон үзсэн байх албагүй. Харин бусдын чамд зориулсан үнэ цэнүүдийг хэмжээд үзчих хэрэгтэй. Би өнгөрөгч хоёр сард маш хүнд осолд орсон. Тэр үед хамт олноороо хөдөө салхинд гарч яваад осолдож, тархи, нуруундаа хүнд гэмтэл авч, хамт явсан найз минь өөд болсон. Хамтран зүтгэдэг найзыгаа нүднийхээ өмнө алдана гэдэг үнэхээр аймшигтай. Хоёр сар гаруй хэвтэрт байлаа. Сэтгэл санааны болоод биеийн ямар их зовиур, шаналал туулсныг надаас өөр хэн ч мэдэхгүй байх. Гэсэн ч би өнөөдөр чиний өмнө юу ч болоогүй юм шиг сууж байна. Эргээд харахад би хавдраас, дараа нь ослоос амьд үлджээ. Надад миний эргэн тойрны хүмүүс, гэр бүл, хань, хамт олон, найз нөхөд гээд маш олон хүн тусалж иржээ. Тэгээд бодсон л доо. Үнэхээр чамд амьдрах хувь тохиож, хийх ажил, ар гэр, эрүүл сэтгэхүй байгаа бол шаналах, сэтгэл зовниж суух хайран. Өнгөрсөн зовлонгоо тэнд нь л үлдээж, туршлага болгож аваад урагш зүтгэх л хэрэгтэй. Өнөөдөр хөл дээрээ босоод алхаж чадаж байхад яасан гэж үргэлж гутрах вэ. Амьсгалж чадаж байгаадаа баярлаж түүнийгээ мэдрэх нь хамгийн чухал шүү дээ. Хэрвээ өнгөрснөөрөө амьдарч гуньж гутраад, эсвэл хариуцлагагүйгээр өөрийнхөө байдаг муу хувилбараараа явбал чиний төлөө бүхнээ зориулсан хүмүүсийн зорилго талаар болно.

Багахан хугацаанд хөл дээрээ босно гэхээр санаанд багтамгүй юм?

Гүйлтээр хичээллэсний л ач гэж боддог. Хүмүүс намайг осолд орж нуруундаа тав, хүзүүний хоёр үе хугараад, хэвтэрт орсон гэхэд бараг итгэдэггүй. Гэхдээ би одоо ч ажил дээрээ эмчилгээ хийлгэсээр байгаа.

Та юу мөрөөдөж байна?

Ахиллисаараа дамжуулан Монголд зохион байгуулж байгаа “Итгэл найдвар, Боломж“ марафоноо Азийн хэмжээнд тэлтэл өргөн хүрээтэй болгох, илүү олон хүнийг амьдралаа өөрчлөхөд нь нөлөөлөх юмсан гэж хүсдэг. Харин хувьдаа бол бие минь сайжраад хэвийн хэмжээндээ очиж чадвал тив дэлхийн олон марафонд гүйж үзэхсэн гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс, видеог О.Сүхбат

ШИНЭ МЭДЭЭ