2024.10.17
Эдийн засаг, Худалдаа
С.Бямбацогт: Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байхад иргэд, ААН-ийн орлого нэмэгдэхгүй байна!
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Төсвийн бодлого болон мөнгөний бодлого хоорондоо хэр зэрэг уялдаж байна. Мөн ирэх онд хэрхэн уялдуулан ажиллахад анхаарч байна вэ? Монгол Улсын валютын нөөц нэмэгдлээ, валютын ханш тогтвортой байна, экспортын орлого өсөж байна, төсвийн орлого нэмэгдэж байна, эдийн засаг өсөж байна, инфляц буурч байна гэх мэт. Үндсэндээ макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бүгд сайн байна хэмээн яриад буй. Үүний үр дүнд эдийн засаг 2024 онд 6%, 2025 онд мөн өснө гэсэн төсөөлөл ч бий. Энэ танхимд, бидний ярьж буй мөнгөний бодлого болон төсвийн бодлого зөв явж, эдийн засаг өсөж байгаа юм байна гэдэг ойлголттой байгаа. Гудамжинд гараад иргэд, ААН-үүдтэй асуудал яриад уулзаад явахаар нөхцөл байдал өөр байна. Тухайлбал, иргэдийн худалдан авах чадвар муу, бодит орлого нэмэгдэхгүй байна гэж ярьж байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байхад, иргэд, ААН-ийн орлого яагаад нэмэгдэхгүй байна вэ? Үүн дээр ямар асуудал байна гэж харж байна?
“Хашаандаа сайхан амьдаръя” төсөл хэрэгжиж байна. 21 аймгийн утааны асуудлыг шийдвэрлэх ганц арга зам нь гэр хорооллыг орон сууцжуулах, амины болон нийтийн орон сууц барих. Үүнийг шийдэх гээд өнгөрсөн жил мөнгөний бодлого дээр тусгасан шүү дээ. Харамсалтай нь энэ зээл олгогдсонгүй. Иргэдэд энэ зээлийг авах боломж бололцоо бүрдэхгүй байх шиг байна. Орон нутгийн иргэдэд 3%, нийслэлийн иргэдэд 6% хувийн хүүтэй ипотекийн зээл хэзээнээс, хэрхэн яаж олгогдох вэ?
Түүний асуултад, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.