МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.03
Эдийн засаг, Худалдаа

П.Сайнзориг: Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна?

УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гараанаасаа гарч байгаа эсэх нь тус төлөвлөгөөг хэрхэн яаж батлахаас шалтгаална. Иймд миний хувьд дөрвөн зүйлийг асуумаар байна.

Нэгдүгээрт, Хаврын чуулганаар батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль удахгүй хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 2025 оны 6 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн 30 жилийн дараа батлагдсан эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжинэ. Суурин газруудын хот нийтийн аж ахуйг хөгжүүлэх тухай асуудал байна. Хот төлөвлөгч аймгийн төвүүд дээр нь сайн ажиллахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлийн бэлтгэл ажлын хүрээнд ямар ажлууд хийхээр тусгагдав? 

Хоёрдугаарт, Ипотекийн зээлийн тухай асуудал байна. Засгийн газрын тэргүүний өмнө өгч байсан мэдээллүүдэд энэ чиглэлийн бодлогыг ахиу тавьж, иргэдийн ая тухтай амьдрах, инженерийн байгууламжтай эрүүл орчинд амьдрах орчныг хангах чиглэлд дэмжиж ажиллана гэж байгаа. Тэр дундаа анхдагч орон сууц авч байгаа залуучуудыг дэмжих, амины болон ногоон орон сууцны төслүүдийг ипотекд илүү хамруулах. Ялангуяа төв магистрал шугамаас амины орон сууцны хотхон руу орж буй шугам сүлжээ дээр ипотекийн зээл олгох асуудал яригдаж байгаа зүйл бий юу. Амины болон ногоон орон сууц дээр ипотекийн зээлийг хэрхэн, яаж хамруулах вэ?

Гуравдугаарт, ажиллах хүчний төлөөлөлтэй уулзахад ажиллах хүчний хомсдолд орлоо гэж байна. Ажиллах хүчний квот гэдэг зүйлээр дундаас доош аж, ахуйн нэгж байгууллагуудаа боомилдог асуудал байна. Тэгэхээр энэ зүйлүүдэд анхаарч, уян хатан болгох тухай бодлого юу байна? 

Түүний асуултад, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарын гишүүд хариулт өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ