Ажлын хэсгийн гишүүд төвийн бүсийн тариалан эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзаж, Алтанбулаг боомтод ажиллав
2024.09.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ажлын хэсгийн гишүүд төвийн бүсийн тариалан эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзаж, Алтанбулаг боомтод ажиллав

Парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд баримтлах тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд тухайлсан салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий 54 ажлын хэсгийг парламентад суудалтай бүх намын төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан.

Энэ өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан, Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Улсын Их Хурал энэ оны 04 дүгээр сард Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, мөн “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Ажлын хэсгийн гишүүд энэхүү хууль, тогтоолын хэрэгжилтийн үр нөлөө, тулгарч буй сорилт, бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ намрын ургац хураалтын явцтай танилцаж, улаан буудай тариаланчид, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцсон юм.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нар албаны бусад хүмүүсийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах “Түмэн бут” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, дээрх хуулийн хэрэгжилтийн талаар орон нутгийн тариалан эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Энэ жилийн тухайд цаг агаарын нөхцөлөөс улбаатайгаар улаан буудайн натур жин бага байгааг эс тооцвол цавуулаг ихтэй, чанар сайн гарсныг тариаланчид онцолж байв. Уулзалтын үеэр “Түмэн бут” ХХК-ийн захирал Х.Даваахүү хэлэхдээ стратегийн таримал болох улаан буудайн үрийн чанар, стандартыг бодлогоор анхаарч, тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулж, хамгаалах асуудал нэн түрүүнд тулгамдаад буйг уламжиллаа. Тэрбээр үргэлжлүүлэн, энэ оны 05 дугаар сард улаан буудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөнтэй зэрэгцэн газар тарилан эрхлэгчдийг ч бодлогоор дэмжиж, хөнгөлөлтэй зээл, урамшуулалд хамруулах цар хүрээ, боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Мөн энэ үеэр орон нутгийн удирдлагууд Сэлэнгэ аймгийн хэмжээнд намрын ургац хураалтын явцыг танилцуулж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон хөнгөлөлттэй зээлийн мэдээллийг хүргэлээ.

Ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах “Улаанбаатар гурил” ХХК, “Өег гурил” ХХК-ийн үйлдвэрүүдэд ажилласан юм. Дотоодын гурилын үйлдвэрүүд хүчин чадлаас хамааран жил бүр улаан буудайн нөөцөө тариалан эрхлэгчдээс гэрээний дагуу худалдан авдаг бөгөөд байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан буудайн гарц, чанар, үнэ харилцан адилгүй хэлбэлздэг байна. Ажлын хэсгийн гишүүд гурилын үйлдвэрүүдэд ажиллах үеэрээ тариалан эрхлэгчдээс худалдан авч буй улаан буудайн сорт бүрийн тонн тутмын дундаж ханш, чанар болон нөөцийн үзүүлэлтүүдийг нэгтгэж, гурилын үйлдвэрээс гарч буй нэг килограмм тутмын үнийн мэдээллийг харьцуулан хэлэлцэв. Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцож, гурил үйлдвэрлэгчдийн байр суурийг сонслоо. Дотоодын гурилын нийт хэрэгцээний 35 хувийг хангадаг “Улаанбаатар гурил” ХХК-ийн дөрвөн дамжлага бүхий бүрэн автомат үйлдвэр нь өнөөдрийн байдлаар 34 хувийн хүчин чадлаараа ажиллаж байгааг удирдлагуудын төлөөлөл хэлж байв. Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжиж, үнийг тогтворжуулах шийдэлтэй хамтатган үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, ажлын байр бий болгогчдыг дэмжих ёстойг ч тэд дурдлаа.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, гол нэрийн стратегийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж, эрүүл, аюулгүй, баталгаат хүнсийг боломжийн үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх нь төрөөс баримталж буй бодлого, шийдвэрүүдийн тэргүүн зорилт гэдгийг тодотгов. Үүний тулд тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчид, бодлого тодорхойлогчид хамтран, тулгарч буй бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж, санал шийдлээ дэвшүүлэх ёстойг хэллээ. Дараа нь ажлын хэсгийн өргөтгөсөн бүрэлдэхүүн төвийн бүсийн тариаланчид болон газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлдэг дилер компани, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлснөөр тариалан эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчид болон салбарын хэмжээнд ямар үр нөлөө, өөрчлөлт гарсныг хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй хуваалцлаа. “Атрын III аян”-аас хойш газар тариалангийн салбар эрчимтэй сэргэж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд бодитой дэмжлэг болсныг салбарынхан онцлохын зэрэгцээ бодлогын залгамж халаа, тогтвортой байдал чухал нөлөөтэйг санал нэгтэй уламжилцгаав. Тэдний зүгээс импортын гурил, буудайн чанар, эх орны хөрс хамгаалах технологи, бордооны зохистой хэрэглээ болон хүний нөөцийг бэлтгэх асуудалд онцгой анхаарч, салбарын хөгжлийг шинжлэх ухаанч шийдэлд тулгуурлан авч үзэх хэрэгтэйг дэвшүүлж байлаа.

Энэ жилийн хувьд зарим бүс нутгаар тариалалтын хэмжээ тодорхой хувиар буурсан ч ургац хураалт урьдчилсан балансаар хэвийн хэмжээнд үргэлжилж байгааг салбарын яамны төлөөлөл дурдсан юм. Харин техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг дилер компаниудын хувьд, улаанбуудайн тариалалт багассантай холбогдуулан захиалгат ажлууд цуцлагдсан нь санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэснийг тэмдэглэн хэлэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн П.Ганзориг, гадаад нөхцөл байдлаас шалтгаалан буудайн өртөг хэрхэн хэлбэлзсэн талаар тодруулж, борлуулалтын доод үнэ, холбогдох стандартуудын хүрээнд асуулт асууж, хариулт авсан юм. Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, хөдөө аж ахуйн салбарт мэргэшсэн боловсон хүчний хомсдол тулгарсныг анхаарч, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон.

Хэлэлцүүлгийн дараа ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ аймагт байрлах “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн удирдлагуудтай уулзаж, буудай хүлээн авах бэлтгэл ажил болон үр тарианы дээж шинжлэх лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар боомт дахь нэг цэгийн үйлчилгээний цогцолборт ажиллах үеэр өнгөрсөн онуудад импортоор орж ирсэн улаан буудай, гурилын гарал үүсэл, гаалийн нэгж үнэ, татвар болон бусад тоон мэдээллүүдийг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас танилцуулсан юм. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд бодит үр нөлөөг судалж, зах зээл дэх оролцогч талуудын байр суурийг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтийг боловсруулахын тулд олон талт уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар тэмдэглэн хэллээ.

Ажлын хэсгийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллах үеэр ХХААХҮЯ, Үндэсний статистискийн хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хилийн боомтын захиргааны төлөөлөл болон орон нутгийн удирдлагууд байлцав.

ШИНЭ МЭДЭЭ