ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр БНТажУ-ын ХАА сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.09.09
Гадаад харилцаа

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр БНТажУ-ын ХАА сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайдын урилгаар 2024 оны 9 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУУ)-ын Ташкент хотноо “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд” дээд хэмжээний чуулганд оролцож байна.

Энэ үеэр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзода тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Сүүлийн 10 жил зохион байгуулагдаагүй Монгол, Таджикистаны Засгийн газар хоорондын комиссын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах, хоёр талын дээд хэмжээний айлчлалуудыг зохион байгуулах боломжийг эрэлхийлэх, мал эмнэлэг, ургамал хамгаалал, ариун цэврийн шаардлагуудыг харилцан тохирох, хүнс, хөдөө аж ахуйн салбарт туршлага, мэргэжлийн шинжээч солилцох талаар арга хэмжээг бодит ажил болгох талаар тохиров.

Бүгд Найрамдах Тажикистан Улс нь 30,000 толгой сарлагтай бөгөөд удмын санг сайжруулах, селекцийг бий болгох зорилгоор хоёр улсын хооронд мал эмнэлгийн олон улсын гэрчилгээг байгуулах замаар Монгол Улсаас амьд сарлаг, хөлдөөсөн үр хөврөлийг импортлох, Монголын бэлчээрийн мал аж ахуй уламжлалт ухаан, туршлага, удирдлагын талаар туршлага солилцох зэрэг олон асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ