МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Р.БАТБОЛД: ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРААС ГАРГАСАН АЛДАА ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨМЖИЙН  БИЕЛЭЛТ ТОДОРХОЙ БУС БАЙНА
Р.Батболд УИХ-ын гишүүн
2024.08.30
Эдийн засаг, Худалдаа

Р.БАТБОЛД: ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРААС ГАРГАСАН АЛДАА ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТ ТОДОРХОЙ БУС БАЙНА

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байгаа энэ өдрүүдэд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг хийж байгаа. 

Гишүүдийн хувьд Төсвийн гүйцэтгэлийн тайлантай маш нухацтай танилцахыг хүсэж байгаа ч хэлэлцэх асуудлын материалыг хэлэлцэх өдрөө оруулж ирж байгаа нь туйлын учир дутагдалтай гэдгийг хэлсээр байна. Мөн тайлантай холбогдуулан Үндэсний аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд дүгнэлт, зөвлөмж өгдөг. Гэвч тэдгээр зөвлөмж нь биелдэг эсэх нь тодорхойгүй явсаар ирсэн. Тэгвэл энэ талаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Р.Батболд байр сууриа илэрхийлсэн.

Тэрээр, “Төсвийн гүйцэтгэлийг ингэсгээд дуусгах нь тодорхой болчихлоо. Гэхдээ цаашид ийм оромдсон байдалтай явж болохгүй. Үндэсний Аудитын газраас алдаа зөрчилтэй холбогдуулан гаргасан зөвлөмж, шаардлагын хэд нь биелэгдэж, засагдаж байгаа нь тодорхой бус байна. Жишээ нь, Төсвийн гүйцэтгэлд өгсөн шаардлагуудын биелэлт ямархуу явцтай байгаа, хэчнээн хэмжээний төсөл арга хэмжээний зөрчил арилсан бэ? 

Яг хэчнээн хэмжээний зөрчилтэй төсөл арга хэмжээ яваад байна вэ? Сангуудын хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байна вэ? Яг өглөг, авлага нь ямархуу явцтай байна вэ? Энэ мэт тодорхойгүй зүйл маш их байна. 2025 оны Улсын төсөв “боогдчихсон” байгаа байх. ” гэлээ.

Ийнхүү Төсвийн ерөнхийлөн захирагч нараас 9-р сарын 15-ны өдөр гэхэд Төсвийн байнгын хорооны гишүүдэд дээрх асуудлаар тайлан ирүүлэх хүсэлт гаргалаа.

УИХ-ын гишүүн Р.Батболдын хувьд УИХ-ын Нэгдсэн хуралдааны үеэр мөн тодорхойгүй асуудлуудын талаар хөндөж, энэ байдлаараа явбал Хамтарсан Засгийн газрын оруулж ирж байгаа асуудлууд нь биелэх нь битгий хэл батлагдахад ч бэрх байна гээд “Хамтарсан Засгийн газрын оруулж ирж байгаа асуудал нь Төсвийн байнгын хороон дээрээ хүртэл уначих гээд.

Цаашдаа хамтарсан Засгийн газар аль зэрэг урт настай юм бэ гэж бодогдоход хүргэж байна. Дээрээс нь эх үүсвэр нь тодорхойгүй 40 тэрбум ам.доллар буюу 120 ихнаядын асуудал яриад байдаг. Үүнтэйгээ холбоотой улсын төсвөөс мөнгө гаргах баахан мөнгө яриад байдаг. Учир дутагдалтай санагдаж байна.” хэмээн байр суурь илэрхийлж байсан. 

ШИНЭ МЭДЭЭ