МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2024.08.28
Эдийн засаг, Худалдаа

“Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын ХЗБХ-ны хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт танилцуулсан юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулсан гэлээ.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц, Авилгатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо нийт 288 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болохоо Сангийн сайд танилцуулав.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр Хууль зүйн байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 161 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 1 их наяд 87 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 73.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвөөс 1 их наяд 129.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 21 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.

Дараа нь Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн нэгтгэсэн тайланд 229 тайлан нэгтгэснээс 140 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 89 байгууллагыг түүвэрт хамруулсан ба 134 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэлээ. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. 2 байгууллагын хувьд байгууллагыг түүвэрт хамруулжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тухайн оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бол Шүүхийн сахилгын хорооны даргын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Улсын ерөнхий прокурорын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар мөн “Өөрчлөлтгүй”, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2023 оны оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн аж. Авлигатай тэмцэх газрын даргын 2023 оны оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн аж.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үг хэлсэн. Ингээд Байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ