МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.27
Эдийн засаг, Худалдаа

Б.Мөнхсоёл: Үндэсний аудитын газраас гаргасан тайланг олон нийт харах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

Аудитын тайлан үнэлэлт, дүгнэлт маш чухал. Өнгөрсөн хоногуудад хэлэлцээд яриад байгаа төсвийн сахилга баттай холбоотой чухал тайлан. Яаралтай горимоор, богино хугацаанд зузаан тайланг гишүүдэд өгч танилцуулж, улмаар хэлэлцэж байгаа нь учир дутагдалтай байна. 

2023 оны тайлан дээр бидний яриад байгаа урсгал зардал ДНБ-ий 30%-аас хэтрэхгүй байх ёстой. 2023 оны тайланд нийт зарлага ба цэвэр зээл ДНБ-ий  32,7% байна. Орлого нэмэгдэхийн хэрээр зардал нэмэгдээд байгаа дээр тайлбар өгнө үү. 

Нийт зарлага ба цэвэр зээлийг анх төлснөөрөө давуулаад тодотгоод 12,8% нэмсэн байна. Үүн дээр тайлбар өгнө үү. 

Давсан орлогыг нэмэлт төсвөөр дамжуулаад тухайн жил зарцуулах эрх олгож зарцуулж байгаа нь өөрөө тухайн төсөв байгууллагын өөрийн орлогыг бодитой илэрхийлэхгүйн дээр үндэслэлтэй төлөвлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна... Үүн дээр сүүлийн үед зарлага хооронд хөдөлгөөн, шилжүүлэг хийх боломж олгож байгаа. Гэхдээ хэмнэлт тал дээр нарийн авч үзэх ёстой! 

Үндэсний аудитын газраас гаргасан тайланг олон нийт харах боломжийг бүрдүүлэх ёстой! 

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан сайд хариуллаа.