2024.08.20
Орон нутгийн хөгжил
Х.Жангабыл: Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх хөшүүрэг нь Даянгийн боомтыг автозамаар холбох ажил юм
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтээ сайжруулахаа Ерөнхий сайд мэдэгдсэн. Улмаар Боомт хариуцсан сайдтай болж амжсан. Харин энэ ажлыг бодитоор урагшлуулахад боомтуудыг төв сууринтай, хил залгаа хөршүүдтэй холбосон хатуу хучилттай автозамтай болгох нэн шаардлагатай. Энэ талаар баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Жангабыл чуулганы хуралдаан дээр өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх хөшүүрэг нь зураг, төсөл нь бэлэн болсон Даянгийн боомтыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбоно гэж Засгийн газрын хөтөлбөрийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж өгөх санал гаргасан юм.
Даянгийн боомт 1992 онд нээгдэж, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгаас цемент, барилгын материал, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байсан ч улсаас дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс төдийлөн сайн хөгжөөгүй, 2010 оноос хойш үйл ажиллагаа нь доголдож, зогссон.
Тус боомт Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой хиллэдэг учраас эдийн засгаа тэлэх тэр дундаа аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутаг. БНХАУ Даян боомттой хиллэдэг талаасаа автозамаар холбогдсон байгаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Цагааннуур, Даянгийн боомтыг автозамаар холбосноор баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн Арцсуурь төмөр замын наад талд Баян-Өлгий аймгийн хамгийн богино хугацаанд гурван улсыг холбосон автозамын боомт болох юм.
Баруун бүс нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийслэл хоттой харьцуулахад өндөр байдаг. Харин боомтуудыг автозамаар холбосноор өрсөлдөх чадвар сайжирч, эдийн засгийн болоод стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой гэдгийг баруун бүсээс сонгогдсон гишүүд илэрхийлж байна.