МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

П.САЙНЗОРИГ: ГАДААД УЛСААС АЖИЛЛАХ ХҮЧИН АВАХ КВОТЫГ ТЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ
П.Сайнзориг, УИХ-ын гишүүн
2024.08.09
Бизнес

П.САЙНЗОРИГ: ГАДААД УЛСААС АЖИЛЛАХ ХҮЧИН АВАХ КВОТЫГ ТЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Бизнесийн орчин, дагаад ажлын байр, хүний нөөцийн асуудал тулгамдах болсон өнөө үед нэн шаардлагатай зүйл нь хуулийн зохицуулалт болж байна. Энэ ч үүднээс УИХ-ын гишүүн П.Сайнзориг холбогдох хуулийн хэд хэдэн төслийг боловсруулж байгаа аж. Үүнд, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай, Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай, Гадаадаас авах ажиллах хүчний квот, хязгаарлалтыг чөлөөлөх зэрэг Хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих багц хуулиуд багтаж байна. 

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг олон улсын жишигт хүрэхүйц байдлаар боловсруулж байгаа бол Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай хуульд өр барагдуулах олон хувилбарыг оруулж өгөх шаардлага тулгарчээ. Ингэж байж бизнесийн орчин сайжрахаас гадна бизнесийг дэмжиж байгаа хэлбэр болох гэнэ. Өр барагдуулахад олон төрлийн хувилбаргүйгээс цагдаа, шүүхэд ханддаг. Хэрэв иргэний шүүхээр явлаа гэхэд 4-5 жил зарцуулж байж шийдэгдэхээс гадна, гарсан шийдвэр нь хэрэгжих боломжгүй байх нь ч бий гэлээ. 

Бизнесийн орчныг дагаад хүний нөөцийн асуудал ч яригддаг. Ялангуяа барилга, дэд бүтэц, мэдээлэл технологийн зэрэг салбарт хүний нөөцийн дутагдал их. Тиймээс ур чадвартай мэргэжилтэнг гадаад улсаас авах шаардлага жижиг компаниудад үүсч эхлээд удаж буй. Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг Гадаадаас авах ажиллах хүчний квот, хязгаарлалтыг чөлөөлөх хуулийн төсөлдөө тодорхой хугацаанд гадаадаас ажиллах хүчин авахад квот тогтоож, төлбөр авдаг байдлыг тэглэе, дор хаяж 4-5 жил чөлөөлье гэдэг агуулгыг тусгажээ.  

Тэрээр энэ мэт 10 гаруй хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд 8-р сарын 10-ны үеэс олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, D-parliament дээр олон нийтээс нээлттэй санал авч эхлэх юм байна. 

 

ШИНЭ МЭДЭЭ