СОНГУУЛЬ АЖИГЛАХ ГАДААДЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024.06.27
Гадаад харилцаа

СОНГУУЛЬ АЖИГЛАХ ГАДААДЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Г.Байгалмаа нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглах гадаад улсын зарим төлөөлөгчтэй өнөөдөр (2024.06.27) хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтад Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны нарийн бичгийн дарга Инсик Жан, Казахстан Улсын Сонгуулийн төв комиссын гишүүн Асылбек Смагулов, Узбекистан Улсын Сонгуулийн төв комиссын дарга Зайниддин Низамходжаев, Киргиз Улсын Сонгууль, ардчилсан санал асуулга зохион байгуулах төв комиссын дэд дарга Айсулуу Букамбаева, Филиппин улсын Сонгуулийн төв комиссын гишүүн Аймээ П.Фэролино, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Александр Борисович Курдюмов нар бусад төлөөлөгчийн хамт уулзалтад оролцлоо.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн сонгуулийн байгууллагын удирдлага, ажиглагчдад талархал илэрхийлээд “Ардчилсан сонгуулийн стандартыг мөрдөхөд олон улсын болоод дотоодын ажиглагчдын дүгнэлт, зөвлөмж маш их ач холбогдолтой. Ажиглагчдын дүгнэлт, зөвлөмж шинэ арга технологиудыг нэвтрүүлэх, туршлага солилцоход ач холбогдолтой байдаг. Гадаад, дотоодын ажиглагчдыг чөлөөтэй, хараат бусаар ажиллах бололцоогоор хангах үйл ажиллагааг бүх шатанд зохион байгуулж байна” гэж онцлов.

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны нарийн бичгийн дарга Инсик Жан “Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуульд гадаадад байгаа иргэдээ оролцуулж саналыг нь авсан нь тэдний сонгох эрхийг хангасан үйл явдал гэж дүгнэж байна. Гадаад улсад байгаа сонгогчид ч маш идэвхтэй саналаа өгчээ. Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо 120 гишүүн оронтой тэдний 100 орчимд нь сонгууль болж байна. Маргааш сонгуулийн үйл ажиллагааг ажиглаад өөрт төрсөн санал сэтгэгдлээ гишүүн орнуудтайгаа хуваалцана. Бидний хувьд Монгол Улстай хамтран ажиллахад таатай байдаг” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ