Сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвслүүдэд цахим хэлбэрээр хүлээлгэн өглөө
Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүсэлт гаргасан 7 нам, 2 эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдэд Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүлээлгэн өглөө.
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.15 дах хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг, эхийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг авах өдрөөс 3 хоногийн өмнө цахим хэлбэрээр олгоно” гэж заасан байдаг аж.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан хэлэхдээ “Улсын бүртгэлийн байгууллага нь энэ удаагийн сонгуульд техник технологийн хувьд дэвшилттэй, хуулийн хүрээнд үнэн зөв, бодитой, нээлттэй байдлаар оролцоно. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноороо Улсын бүртгэлийн байгууллагыг илүү нээлттэй ажиллах боломжийг бүрдүүлэн өгсөнд талархалтай байгааг онцлохын ялдамд ард иргэдийн дунд сонгуультай холбоотой үл ойлголцлыг арилгах үүднээс сонгуулийн өмнө, сонгуулийн өдөр, сонгуулийн дараа ч нам, эвсэл, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн” болно.
Нийт 2 сая 224 мянга 233 сонгогч байна. Үүнээс үндсэн 2 сая 58 мянга 865 сонгогч байгаа.Түр хасав тэмдэглэгээтэй 165.368 сонгогч бий. Тойрог тойрогт нь буюу 13 тойрогтоо тус бүр нэг файл өгнө. Үүн дотроо хуульд заасан бүх мэдээлэл байгаа. Тодруулбал дэс дугаар, тойргийн дугаар, хаяг, овог нэр, бүртгэлийн дугаар зэрэг бүгд тайлбартайгаа багтсан.
Мөн тус уулзалтаар Улсын бүртгэлийн байгууллага нам, эвсэл, төрийн бус байгууллагаас гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч, тэдгээрийн төлөөллийг байлцуулан сонгуульд ашиглах мэдээллийн санг хуулан битүүмжилж, сонгуулийн дараа нягтлан шалгах бололцоогоор хангасан.
Түүнчлэн өнөөдөр нам, эвсэл, төрийн байгууллагын төлөөллийн сонгосон сонгуулийн хэсгийн хороон дээр ажиллаж, сонгуулийн өдөр болох бүх процессыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж, тулган харах боломжийг бүрдүүлж хамтран ажиллав.
Иргэд өөрийн хувийн мэдээлэлтэйгээ цахимаар танилцах боломжийг нээлттэйгээр бүрдүүлэн ажилласаар ирсэн бөгөөд Шилжилт хөдөлгөөн бол зөвхөн сонгуулийн үед хийгддэг үйл ажиллагаа биш Улсын бүртгэлийн байгууллагын ҮНДСЭН БҮРТГЭЛ болохыг тайлбарлав.
Сонгуульд оролцож байгаа зарим нам эсвлүүдээс ирсэн саналын дагуу сонгуулийн автоматжуулсан системийн ажиллах процесс болон сонгогч иргэний бүртгэлийн мэдээллийг хэсгийн хороод санал өгөх үед нэгдсэн системээс хэрхэн авах тухай мэдээлэл өгч, нам эвслийн төлөөллүүдтэй хамт туршилт хийж үзүүллээ.