Хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж, авлига, хулгайтай тэмцэж байгааг Өвөрхангайчууд дэмжиж байна
2024.06.19
Улстөр

Хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж, авлига, хулгайтай тэмцэж байгааг Өвөрхангайчууд дэмжиж байна

Арвайхээрчүүд Монгол Ардын намыг багаар нь дэмжиж, шударга ёсны тэмцэлд хүч нэмнэ гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Өвөрхангай аймагт ажиллах үеэр хэлж байлаа. Хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж, авлига, хулгайтай тэмцэж буй учраас нөгөөтэйгүүр төрийн бодлого залгамж чанар тогтвортой байх ёстой гэж үзэж буйгаа өвөрхангайчууд тодотгож байв.

УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт Монгол Ардын намаас Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Батцэцэг, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, Г.Ганболд, А.Цогцэцэг, Б.Даваадалай нар нэр дэвшиж байна. Өнгөрсөн 30 жилд бий болсон бүлэглэл, хулгайтай тэмцэхийн тулд энэ нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.

Тэрбээр “Гадаадаас олон хүн, бүлэглэл энэ сонгуулийн үр дүнг хүлээж байна. Их хэмжээний авлигын мөнгө хуримтлуулж, бүлэглэлийн үр хөврөл болсон улстөрчдөө парламентад оруулах гэж тэд улайрч, зүтгэж байна. Ардын нам ялах уу, авлигачид ялах уу гэдэг сонголтын өмнө та, бид байна. Тийм учраас та бүхэн маань Ардын намыг багаар нь дэмжээрэй” гэлээ.

Тус аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 621.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, дэд бүтэц, нийгэм, хөдөө аж ахуй, соёлын салбарт нийт 18 төсөл хэрэгжүүлэхээс 16-гийнх нь хөрөнгө оруулалыг шийджээ. Тухайлбал, Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр сумын гэр хорооллын шугам сүлжээний, Арвайхээр-Хужирт чиглэлийн 43.3км хатуу хучилттай авто замын ажил эхэлсэн бол Арвайхээр-Баянгол-Сайхан Овоо-Мандал Овоо чиглэлийн 280 км авто замын ТЭЗҮ, зураг төслийг хийж байна. Мөн дулааны станцын дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн төслийн тендер зарлагджээ.

Монгол Ардын намын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт босоо тэнхлэгийн Арвайхээр-Шивээхүрэн боомт чиглэлийн 336 авто зам барихаар тусгасан. Мөн тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөөд буй юм. 

Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хийсэн шударга ёсны тэмцлийн үр дүнд эдийн засаг -4.6 хувиас 7 хувь болж, валютын нөөц 5 тэрбум долларт хүрч, Хөгжлийн банкны өрүүдийг бүрэн төлж, цалинг, тэтгэврийг 2 дахин, хөдөөгийн нэмэгдлийг 40 хувиар нэмэгдүүлж чадлаа. Төсөв анх удаа 4 их наяд төгрөгөөр давж биелсэн. Тийм учраас Монгол Ардын намын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн тулд Өвөрхангайчууд УИХ-ын дарга Г.Занданшатарын ахалсан хангайн бүсийн багийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.

ШИНЭ МЭДЭЭ