Х.Нямбаатар: Үндсэн хуульд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот” гэж заасан байгаа. Энэ өөрчлөгдөхгүй
2024.06.14
Барилга, Хот байгуулалт

Х.Нямбаатар: Үндсэн хуульд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот” гэж заасан байгаа. Энэ өөрчлөгдөхгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай ярилцлаа.


-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Улаанбаатарыг задалж, дүүргүүдийг хот болгох ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд том суурь өөрчлөлт орсон. Үндсэн хуулийн 57.1-д Монгол Улс нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороонд хуваагдана гэдэг суурь зарчим байсан. Үүн дээр нэмээд хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлж болно гэсэн өөрчлөлт оруулсан. Аймаг, нийслэл гэдэг бол засаг захиргааны нэгж. Харин хот гэхээр хүмүүсийн төвлөрөл бүхий суурьшлыг хэлж байгаа юм. Энэхүү суурьшил бүхий хот гэдэг айлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байдаг төрийн чиг үүргүүдийг шилжүүлж өгөх боломжтой гэсэн ойлголт. Захиргааны эрх зүйн нэлээд нарийн ухагдахуун л даа. 1992 оны Үндсэн хуулийн зарим бүлэгт би шүүмжлэлтэй ханддаг.

Өмнө бүх аймгийн төвүүд хот гэсэн зохион байгуулалттай байсан. Суурин газруудаа тосгон гэж нэрлэдэг байв. Энэ хотод миний яриад байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг хамт хадгалагдаж байсан. Жишээлбэл, намайг хүүхэд байхад Хэнтий аймгийн төвийг Өндөрхаан хот гэдэг байсан. 1992 оны Үндсэн хуулийн дараа Өндөрхаан хот гэж байхаа больсон.

Хэнтий аймгийн төвийг Хэрлэн сум болгосон. Энэ мэтчилэн бүх аймгийн төвүүд сумын статустай болсон шүү дээ. Энэ удаагийн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улс цаашид суурин соёл иргэншилд илүүтэй төлөвших эрх зүйн суурь үндсийг тавьсан. Хот, суурин газар болгонд өөрт нь хадгадалагддаг чиг үүрэг дээр төрийн чиг үүргийг нэмээд өгчих юм бол богино хугацаанд хөгжих боломжтой. Миний хариуцаж байгаа албан тушаал бусад эрх зүйн өндөр хөгжилтэй орнуудад сонсогдож байгаагүй гэдгийг та бүхэн мэдэх байх. Би хоёр албан тушаал хашдаг. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Миний нэг гарт нийслэл гэдэг засаг захиргааны нэгжийг удирдах чиг үүрэг байна. Нөгөө гарт нь хот гэдэг айлын нийтийн аж ахуйг удирдах чиг үүрэг. Гэтэл энэ хоёр ажлыг нэг хүн хийгээд байгаа. Тэгэхээр 2028 оноос хойш нийслэл, Улаанбаатар гэдэг хоёр чиг үүргийг нэгтгэж явбал яасан юм бэ гэж байгаа.

-Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байна гэж тодотгосон. Дүүрэг болгоныг хот болгочихоор Улаанбаатар хот гэж байхгүй болох юм уу?

-Нийслэлийг хөдөлгөх тухай ямар ч ойлголт байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байгаа газрыг Монгол Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот” гэж заасан байгаа. Энэ өөрчлөгдөхгүй. Нийслэл Улаанбаатар дотор орон нутгийн шинж чанартай 20 минутын 14 хот байгуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийслэл Улаанбаатар маань өөрөө хотуудын нэгдэл байна. Нийслэлээс захын гурван дүүргийн хоёр нь буюу Багануур, Налайх хоёр салж, улсын чанартай хот болно. Цаашид нийслэл татаас өгөхгүй. Эдгээр дүүрэг нь эдийн засгийн болон тээвэр ложистикийн хувьд ашигтай байрлалд байна.

Хүн амын тоо нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас цаашид бие даасан хот болох байх. Багахангай дүүргийн хувьд дагуул хот байх уу. Эсвэл алслагдсан дүүргийнхээ зохион байгуулалтаар явах уу гэдгийг тухайн үедээ шийдэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотыг бүрдүүлэгч 14 хот нь Толгойт, Баянхошуу, Дарь-Эх, Сэлбэ зэрэг хотууд байна. Ингэж дахин төлөвлөлт хийж зохион байгуулахгүй бол Улаанбаатар хотын төвд бүх үйлчилгээ төвлөрсөн болохоор иргэдийн урсгал ийшээ чиглэж түгжрэл нэмэгддэг.

Нийслэлчүүд өдөртөө гурван сая гаруй зорчилт хөдөлгөөн хийж байна гэсэн судалгаа бий. Үүнийг багасгахын тулд Сэлбэ, Дарь-Эх, Баянхошуу зэрэг хотууддаа нийгэм соёлын, ахуйн, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах бүх төлөвлөлтүүдийг хийх юм. Тухайн бүс дотроо хүмүүс амьдралын бүх хэрэгцээгээ авдаг боломжийг бүрдүүлэхийн тулд энэ удаагийн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагасан УИХ-ын тогтоолоор шийдвэрлэсэн. Улаанбаатар хот ямар, ямар татвараа татаж авах вэ. Харин 14 хот аль, аль төрлийн татварууд авах вэ гэдэг нь хууль хэрэгжих үед шийдэгдээд явчихна.

-Улаанбаатар хот яг ямар чиг үүрэг, эрх мэдэлтэй байх юм бэ?

-Улаанбаатар эрх мэдлийнхээ бараг 90 орчим хувийг 14 хотдоо өгнө. Өөрсдөө эрх мэдлийнхээ 10 хувийг авч үлдэнэ. Мэдээж хэрэг Улаанбаатар хотын ерөнхий мастер төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Тухайлбал, нийслэлийн тойрог хурдны замуудыг бүтээн байгуулах, метро бусад масс тээврийн хэрэгслүүдийг төлөвлөнө. Үндсэн архитектур төлөвлөлтийг өөрчлөх, хот нийтийн аж ахуйн мастер төлөвлөгөөг сахиулна. Эрчим хүч, дэд бүтцийн том станцуудаа өөрөө өмчилж, түүнийгээ хөгжүүлж явна.

Бас Уулаанбаатар хотод эрчим хүч, дэд бүтцийн болон ундны усны найдвартай нөөц бий гэхчлэн глобал асуудлуудаа авч явна. Харин хотын цэвэрлэгээ, нохой, муур устгал ч юм уу тохижилт үйлчилгээний ажлуудыг 14 хот өөрсдөө хариуцна. Хот болгон өөрийн гэсэн захирагчтай байна. Бас хот дотроо зөвлөлтэй байна. Хотын захирагч, зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрийнхээ ард иргэдээс шууд сонгогдоно. Зөвлөл нь төсөв төлөвлөгөөг баталж өгдөг. Хэрэгжилтэд нь хяналт тавьж явна. Захирагч нь хот нийтийн аж ахуйн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн чиг үүргээ хэрэгжүүлээд явах юм.

-Нийслэл Улаанбаатар хотыг Хархорин руу нүүлгэх асуудал сүрхий яригдсан. Үүнд МАН-ынхан, ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон та гурвыг нэлээд хамаатуулж шүүмжилдэг. Тэр нь юу вэ гэвэл, Хэнтийн гаралтай улсууд Монголын сүүлчийн хаан амьдарч байсан Улаанбаатарыг устгах гэлээ гэдэг юм уу. Нийгмийн ийм хандлага МАН-ын сонгуулийн үр дүнд нөлөөлөх талтай гэж судлаачид ярих юм билээ. “Эрдэнэт”-ийг хувьчилсны дараа АН найман жил унасан шиг юм болох вий гэх болгоомж байна л даа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Хархорин хот байгуулъя гэдэг судалгаа шинжилгээний ажил явагдаж байгаа. Энэ бол мэдээж Үндсэн хуулийн том өөрчлөлтийн асуудал учраас урьдчилж дүгнэлт хийх боломжгүй. Хот байгуулах асуудал тийм ч амар зүйл биш. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг Хөшигийн хөндий, шинэ Зуун мод хотын чиглэл рүү хотоо задалж тэлье гэдэг шийдвэр гарсан. Нийслэлчүүд дөрвөн уулын дунд багтахаа байлаа. Иймд их, бага тойруу доторх эрх мэдлийн төвлөрлийг задалъя.

Тэнд нь Засгийн газрын бүтцийн байгууллагууд болон иргэн, аж ахуйн нэгжүүд нь нүүж очих төлөвлөлт хийгдээд явж байгаа. Миний хувьд Улаанбаатар хотод төрж, өссөн хүн. Нарийн ярьвал нийслэлийн II төрөхөд төрсөн. Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургууль, дээд сургуулиа төгссөн. Үүнээс хойш хотод амьдарч байгаа. Миний ээж, аавын гарал үүсэл Хэнтийнх байж болно. Тэрүүгээр хамаагүй хамаатуулж ярьж болохгүй байх. Одоо би Улаанбаатар хотын захирагч. Яавал энэ хотоо өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр, экологийн доройтолгүй болгох вэ гэдэгт миний үзэл санаа оршино.

-Нийслэлд хийгдэж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажлуудаас сонирхуулахгүй юу?

-Өнөө жил нийслэлийн төсөв дээр замын сангийн төвлөрүүлсэн 77 орчим тэрбум төгрөгийн замын бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд дуусах гэж байна. Автозамын хөгжлийн газар шинэ менежментээр замын ажлуудыг нэлээд хурдан шуурхай шийдээд явж байна. Одоо 200 орчим тэрбум төгрөгөөр замын хучилт болон шинэ бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Энэ ажлын гэрээ ойролцоогоор долдугаар сарын 20-ны үед байгуулагдана. Өөрөөр хэлбэл, баяр наадмын өдрүүдэд зам хаах боломжгүй. Хоёрдугаарт, хуулийн хугацаанд буюу ажлын 21 хоногт тендерээ зарлаад энэ том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Ер нь Улаанбаатар хотын нийт автозамын 70 орчим хувь нь шинээр хучигдаж засагдана. Зарим газруудад холбоос замуудыг шинээр хийнэ. “Найрамдал” зуслангийн замыг бүхэлд нь шийднэ. “Найрамдал” зусланд олон улсын хүүхдийн том арга хэмжээнүүд зохион байгуулдаг боловч зам нь үнэхээр хүнд. Бас Нүхтийн амны зам эвдэрсэн. Энэ замыг сүйтгэсэн барилгын компаниудад нөхөн төлүүлэх асуудал яригдаж байгаа.

Мөн Жаргалантын амны зам ч ялгаагүй. Тэнд том, том миксерүүд давхиад эвдчихсэн. Хоёр, гуравхан барилгын компанитай хамаатай асуудал. Цаашид татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн замыг ашиг олох гэж байгаа бизнесийн компаниуд эвдээд байх нь зөв үү. Ямартаа ч бид нийслэлд хийж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажлуудыг энэ намартаа багтаад дуусгана. Сүүлийн 30 жилд ийм бүтээн байгуулалт хийгдээгүй гэдгийг ам бардам хэлж чадна. Одоо уулын замыг хучаад дуусч байна. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Наадамчдын гудамж, Олимпийн гудамж, “Найрамдал”-ын зам, 22-ын товчоо, Хүй долоон худаг гээд эвдрэл ихтэй ихэнх замуудыг хучина. Үлдсэн замуудаа дараа жилийн замын сангийн хөрөнгөөр хучина гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Түгжрэлээс гарах ямар шийдлүүд байна вэ. Давхар, гүүрэн замууд барих асуудал юу болж байгаа бол?

-Ирэх жил хийж эхлэх том бүтээн байгуулалтын ажил бол Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог хурдны зам. Энэ намар тендер зарлахаар төлөвлөж байна. Гадны өндөр хөгжилтэй орнуудад 2-3 түвшний зам явдаг. Манайд бүх зам нэг түвшнийх болохоор ар Монголын алдарт чагтан түгжээндээ ороод байгаа юм. Тэгэхээр бид энэ түгжрэлийг арилгахын тулд Их тойруу руу орж ирж байгаа бүх урсгалыг хоёр түвшний замаар зэрэг хүлээж авдаг болно.

Төлбөртэй тойрог замаар хурдлаад давхиж болно. Эсвэл төлбөргүй магистрал замаараа түгжрээд явж болно. Энэ бол иргэдийн сонголт. Сая улс төрийн шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд зарласан. Хэрэв МАН энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр улиран сонгогдвол, шинэ Засгийн газар байгуулагдаад ажлын 100 хоногт Улаанбаатар хотын том бүтээн байгуулалтын ажлуудын хөрөнгийн асуудлыг шийднэ гэж байгаа. Урагшаа “Өөдөө тэмүүлэх гүүр” буюу “Go-Mongolia” гүүр, цаашаа Богд уулынхаа урд гарах гүүрэн байгууламж, Номтын амны Шинэ Зуун мод хотын Засгийн газрын ордны төлөвлөлт зэрэг бүтээн байгуулалтын ажлууд ирэх жилүүдэд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа.

Метроны ажил зэрэгцээд явна. Үүний дараа хийгдэх том бүтээн байгуулалтын ажил бол хоёрдугаар тойрог хурдны зам. Одоо бид урьдчилсан дизайн гаргах шатандаа явж байна. Хоёр дахь тойрог хурдны зам маань Саппорогоос хойшоо Баянхошуу, Долоон буудал, Цайзаар тойрч Чулуун-Овоо, Нарантуулын урдуур өнгөрөөд Туулын далан дээгүүр явах маршруттай байгаа. Дараагийнх нь гадна тойрог буюу 22-ын товчоо, Баянзүрхийн товчооноос орж ирэхээр авдаг гурван тойрог хурдны замын төлөвлөлтийг гаргах гээд манай төслийн нэгж ажиллаж байна.

Ийм олон түвшний замууд байгуулагдаж байж өнөөдрийн автозамын түгжрэлийн асуудал шийдэгдэнэ. Дэлхийн бүх том хотууд түгжрэлээ ингэж шийдсэн. Ойрын жишээ гэвэл Хөх хот байна. Хоёр жилийн өмнө тойрог хурдны замаа шийдээд метронууд оруулаад түгжрэлгүй болсон туршлага дээр бид үндэслэж ажиллаж байгаа. Дээр нь 20 минутын хот гэдэг том бүтээн байгуулалт хийнэ. Сэлбэ, Баянхошуу, Толгойт, Шархад, Яармаг гээд томоохон нэгж хороолол буюу хотын бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байгаа.

-Дарь-Эхийг Хайлаасттай холбосон шинэ гүүрний ойролцоо газар чөлөөлөлт явагдаж байгаа юм уу?

-Тэнд хувийн секторууд зэрэгцээд газар чөлөөлөлт явагдаж байгаа. Бид төлөвлөлтөө л өгнө. Бүгдийг төр барих ёсгүй. Ер нь тэр хавиар чөлөөлөлт сайн явагдаж байгаа. Тэр гүүрний ард хэдэн зам дутуу байгаа. Тэрийг гүйцээхийн тулд тендерийг нь зарлачихсан. Энэ зам урагшаа 100 айл, Америк Элчин рүү холбогдоно. Дэлхийн банкны төслөөр хийгдэх юм.

-Хотод шинээр тавьж байгаа замууд нь мухар, гүүр нь хоосон байна гээд мэргэжлийн улсууд яриад байх юм. Жишээлбэл, Яармагаас Хархоринтой холбох гүүрэн зам хоосон байх юм биш үү. “ТЭЦ-4”-ийн нарийн зам дээр тулж очоод түгжирчихээр шинэ гүүрний шид гарахгүй гээд байна. Содон хорооллоос Гэмтэл хүртэлх бүдүүн зам явсаар байгаад яг түгжрэлийнхээ аман дээр ирээд зогсчихдог. Үүнийг мухар зам гэнэ биз дээ?

-“ТЭЦ-4”-ийн замыг өргөсгөх тендер зарласан. Харамсалтай нь аж ахуйн нэгжүүд оролцсонгүй. Дахиад зарласан. “ТЭЦ-4”-өөс хойшоо нэвт Хархорин руу гарах трассын зардлыг ирэх жил тавина. Содон хорооллоос Гэмтэл орох замыг есдүгээр сарын 1-нээс өмнө нээчих гээд үзэж байна.

-Улаанбаатараас баруун, зүүн аймгууд руу гарах гарцыг яаж олон болгох вэ?

-Саяны тойрог замуудынхаа асуудлыг шийдэж байж л явна шүү дээ. Хотоос гарах гарцуудыг нэмэгдүүлэхийн тулд бид 22-ын товчооноос урагшаа Биокомбинатаар нэвт гардаг төлөвлөлтүүд байгаа. Зүүн тал бол нэлээд сайжирчихсан.

-Таван шарын уулзварын урд талын нүхэн гарц хэзээ ашиглалтад орох вэ. Өөр хаана, хаана нүхэн гарцууд төлөвлөсөн бол?

-Эхний ээлжийг нь энэ зургадугаар сардаа багтаад нээнэ. Наана нь Драгоны урд шууд урагшаа нэвт гарах нүхэн гарцын барилга угсралтын ажил эхэлчихсэн явж байгаа. Есдүгээр сарын 1-нээс өмнө нээчих санаатай байна. Таван шарын цагдаагийн пост дөрвөн замын уулзвар болох юм. Үүний наана “Гермес”-ийн уулзварыг эхлүүлж байгаа. Энэ түрүүлж яваа.

Мөн Дүнжингаравын уулзвар дээр зургийн ажил хийгдэж байгаа. Бид мянга сайхан зам, нүхэн гарц, гүүр барьсан ч жилдээ 50-100 мянган машин импортоор орж ирж байгаа тохиолдолд хэзээ ч түгжрэлээ шийдэж чадахгүй. Тиймээс УИХ, Засгийн газар импортын машинаа хязгаарлаж өгөх шийдвэр гаргах хэрэгтэй. Оны эхний байдлаар 60 мянган машин орж импортлогдсон тоо байна. Японд йенний ханш 20 хувиар сулрангуут манай ченжүүдийн машин зөөх урсгал нэмэгдсэн. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод дугаарын олголтыг зогсооно гэсэнтэй холбоотой.

-Ер нь Туул гол дээгүүр давсан гүүрүүдээ нэмж байж Яармаг, Зайсангийн их түгжрэл арилах юм биш үү?

-Бид программаар тооцоо хийж үзэж байгаа. Харамсалтай нь автомашин ингэж их орж ирж байгаа тохиолдолд ямар ч нэмэргүй. Улаанбаатар хот яг энэ хурдаараа 2026 он гэхэд нэг сая машинтай болох гэж байна. Улаанбаатарын энэ давчуу зам дээр нэг сая машин явах гээд байна шүү дээ. Манай иргэдийн хандлага нь бүгд машинтай явах сонирхолтой. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нийтийн тээврийн хөгжил хоцрогдсонтой холбоотой. Өвөл их хүйтэн байдагтай холбоотой. Нүхэн байгууламж байдаггүйтэй холбоотой. Гадаа автобусны буудал дээр даарч зогсож байхаар машиндаа паараа тавиад түгжрээд явах нь илүү гэж үзэж байна.

-Яармагт нүүж очсон хотын захиргааны шинэ байр руу эргэдэг уулзвар тэндхийн түгжрэлийн гол үндэс болоод байна уу. Тэнд гүүр барих уу?

-Бид гүүрэн байгууламжууд барих талаар зургийн даалгавар өгч байна. Үнэндээ би ажлаа аваад долоон сар гаруй болж байгаа. Ийм богино хугацаанд бүх асуудлыг шийдэж чадахгүй. Төлөвлөнө, зуруулна, төсөвлөнө, шалгаруулна, гүйцтэгүүлнэ гээд шат дараатай явж байгаа. Манайхан өргөс авч байгаа юм шиг бүх асуудлыг шийдчих гээд байдаг. Би хүмүүстэй сайдаж, муудаж байж Ээрмэл, Эрэлийн замууд нээгдэж байна. Гандигийн хөшөөнөөс урагшаа нэвт гарах замыг очиж өргөсгөж онгойлгуулсан. Энэ сарын сүүлчээр ашиглалтад орох юм шиг байна. Эрэлийн замыг одоо гэрлэн дохио тавьчихвал нээхэд бэлэн болчихсон. Ээрмэлийн замын дулааны шугамыг далд оруулж байна. Дээгүүр нь хучаад зургадугаар сардаа нээхээр байна. Замын ажлууд хаана, хаана ямар явцтай байгаатай би очоод танилцаад явж байгаа.

-Эрэлийн замаас “Гермес” хүртэл давах нь өргөн зам болох уу?

-Улаанбаатар хотын авто замын сүлжээний нягтрал, уулзваруудын нэвтрүүлэх чадвар хангалтгүй, сүлжээний холбоос замууд дутуу байна. “Эрэл” компанийн зүүн талын зам буюу Чингисийн өргөн чөлөөг Баруун үйлдвэрийн гудамжтай холбосноор хоногт 12500 машин нэвтрүүлэх, Чингисийн өргөн чөлөөний ачааллыг 21 хувь бууруулах юм. Энэ ашиглалтад орсон авто зам нь Дунд голын гудамжнаас Мод боловсруулах үйлдвэрийн 1.2 км авто замтай холбосон босоо чиглэлийн ачааллыг хуваах ач холбогдол өндөртэй. Цаашлаад энэ зам нь Гермесийн нүхэн гарцтай нийлж, Нарны замын хөдөлгөөний түгжрэлийг 10.7 хувь бууруулж, хоногт 31000 автомашин нэвтрүүлэх өнгөрүүлэх гол холбоос зам болох юм.

-Нийслэлийн эрчим хүчний хангамжийн тал дээр ямар ажлууд хийж байгаа вэ. Бөөрөлжүүтийн станц хэзээ ашиглалтад орох билээ?

-Бөөрөлжүүт дээр НИТХ энэ сарын 18-нд хуралдаж, төсвийн тодотгол хийнэ. Ингэхдээ дотоод, гадаад бондыг давхар оруулж батална. Тэгэхээр бонд босгох ажил долоо хоног явах байх. Үүний дараа бид аж ахуйн нэгждээ дамжуулан зээлийн харилцаа үүсгэе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү зээлийн процесс явбал аравдугаар сарын 1 гэхэд Бөөрөлжүүтийн эхний ээлжийн 150МВт-ыг, яг жилийн дараа хоёр дахь 150 МВт-ыг ашиглалтад оруулах ёстой гэдэг үүрэг хүлээх ёстой.

-Утаанаас яаж салах вэ. Хагас коксжсон нүүрсний үйлдвэр барих нь юу болж байгаа бол?

-Энэ асуудал шийдэгдэх болоогүй. Сайжруулсан түлшний үйлдвэрийг Улаанбаатар хотод шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ үйлдвэрийг авсны дараа технологийн ямар шийдэл хийх талаар дэлгэрэнгүй ярья.

ШИНЭ МЭДЭЭ