МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Бүсчилсэн хөгжлөөр хөдөөд хөгжил саарч, хотод хэт төвлөрлөөс үүдсэн олон асуудал шийдэгдэнэ
2024.06.12
Орон нутгийн хөгжил

Бүсчилсэн хөгжлөөр хөдөөд хөгжил саарч, хотод хэт төвлөрлөөс үүдсэн олон асуудал шийдэгдэнэ

Өнгөрсөн он жилүүдийнхээ алдаа оноог эргэн харж дүгнээд цаашид шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж, энэ удаагийн парламентын “отгон” хаврын чуулганаар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Ер нь бүсчилсэн хөгжлийн бодлого Монгол Улсын хувьд шинэ ойлголт биш. Товч түүх өгүүлэхэд, Манай улс 1960 оноос бүсчилсэн хөгжлийн судалгааг эхлүүлсэн байдаг. Түүний дараа 1990 оны дундуур бүсчилсэн хөгжлийг албажуулж, хилийн чөлөөт бүсүүдийг хөгжүүлж эхэлсэн. 2001 оноос хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2005 оноос бүх бүсийн хөгжлийн хөтөлбөрийг парламент баталсан.  Гэвч одоогоор энэ хөтөлбөрийн хүрээнд  “Мянганы зам”-ын төслөөс бусад нь тийм ч амжилттай хэрэгжиж чадаагүй юм. 

Мөн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их, дээд сургуулийн 96 хувь нь төвлөрч, ДНБ-ий 63 хувь нь үйлдвэрлэгдэж, хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай болсон.

Иймд дэлхий дахинд баримталж буй ирээдүй хойч үедээ унаган байгалийг алдагдуулахгүй өвлүүлэх тогтвортой хөгжлийн үзэл санаа, орчин үеийн онолын чиг хандлага, хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх практик хэрэгцээ шаардлагаас үүдэн “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулсан билээ.

Монгол Улсыг эдийн засгийн “Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын” гэсэн долоон бүсчлэлийн тогтолцоогоор хөгжүүлэхээр тодорхойлсон.

Үүнд:

  • Хангайн бүсэд: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг; 
  • Баруун бүсэд: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг;  
  • Хойд бүсэд: Булган, Орхон, Хөвсгөл аймаг; 
  • Төвийн бүсэд: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг; 
  • Зүүн бүсэд: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг; 
  • Говийн бүсэд: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг; 
  • Улаанбаатарын бүсэд: Улаанбаатар ба дагуул хот. 

Бүсүүдийн тэргүүлэх чиглэлд:

  • Хангайн бүс: Төрөлжсөн аялал жуулчлал  (археологи, амралт, рашаан сувилал, шашин)
  • Баруун бүс: Баруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ,
  • Хойд бүс: Шинжлэх ухаан технологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан
  • Төвийн бүс: Эрчимжсэн ХАА, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал
  • Зүүн бүс: Боомт, тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал
  • Говийн бүс: Уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл

Бүсчилсэн хөгжлийн  бодлогыг шинэ өнцгөөр харах,  эргэлтийн цаг үе ирсэн гэдэгт эрдэмтэн судлаач, эдийн засагчид ч санал нийлж байгаа юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулснаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

Түүнчлэн бүс бүр ялгаатай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал учраас улс төрийн намууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, бодлого шийдлээ дэвшүүлэн сонгуульд оролцож байна. Харин энэхүү хөгжлийн хөтөлбөрийн зорилго, зорилт хэрхэн биелэлээ олохыг цаг хугацаа харуулах биз ээ.   

ШИНЭ МЭДЭЭ