С.Амарсайхан:Төрийн байгууллагууд урдах ажлаа эзэнгүйдүүлэхгүй байхыг сануулж байна
2024.05.27
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Амарсайхан:Төрийн байгууллагууд урдах ажлаа эзэнгүйдүүлэхгүй байхыг сануулж байна

УОК-оос үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Шуурхай штабыг байгуулж, байнгын ажиллагаанд шилжүүлсэнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.05.27/ мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан “Шар ус, үерийн эрсдэлээс хамгаалах ажлын гүйцэтгэлийг хангуулах, үерийн далан сувгийг хүчитгэх, инженерийн байгууламжийг сайжруулж сэргээх, үерийн аман дээр буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэлгүй аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өглөө.

Улс орон даяар улс төрийн уур амьсгалтай, сонгуулийн компанит ажлууд эхэлж байгаа учраас төрийн албан тушаалтнууд, аймаг, орон нутаг, нийслэлийн удирдлагууд ардах ажлаа эзэнгүйдүүлэхгүй байх, аливаа ажлын зохион байгуулалтыг сулруулахгүй байхыг сануулж байна.

Ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болно. Дуусдагаараа дуусна. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх учраас аливаа шатанд хариуцлага алдахгүй байх. Ялангуяа гэнэтийн байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлүүдийг даван туулах бэлтгэлээ хангаж, хохирол багатай даван туулах бүх арга хэмжээг авч ажиллах зайлшгүй шаардлагатай.

УОК-ын шуурхай штабын дэргэд үерийн эрсдэлээс сэргийлэх байнгын штабыг нээн ажиллуулах, аймаг орон нутгийн түвшинд Онцгой комиссуудыг байнгын ажиллагаанд байлгаж, ард иргэдийг мэдээ мэдээллээр хангах, эрсдэлээс сэргийлэх ажлыг эхлүүлж байна.” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ