БНСУ-ын Спортын шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.05.28
Гадаад харилцаа

БНСУ-ын Спортын шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Спортын шинжлэх ухааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Канг Ён Сун, ахлах судлаач Хюн Жүү Чо, БНСУ-ын менежер Жиён Жэ Хёнг нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв болон БНСУ-ын Спортын шинжлэх ухааны хүрээлэн өнгөрсөн 2021 оны аравдугаар сард "Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг цахимаар байгуулж байв. Тэгвэл энэ удаад ноён Канг Ён Сун өөрийн биеэр Монгол Улсад хүрэлцэн ирээд буй нь энэ юм.

Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбарыг үүсгэн байгуулсны 100 жилийн ойг эдгээр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байгаа бол БНСУ-д мөн л энэ салбарынхан 105 жилийнхээ ойтой золгоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монгол, Солонгос хоёр улсын биеийн тамир, спортын салбарын түүх ойролцоо хугацааг туулан иржээ.

БНСУ-ын Спортын шинжлэх ухааны хүрээлэн өдгөө 43 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 1988 оноос эхлэн нийтийн биеийн тамир буюу “Life style”-ийг чухалчилж авч үзэх болжээ. Үүнээс өмнө нь зөвхөн өндөр амжилтын спортын тамирчдадаа л үйлчилгээ үзүүлж, тэднийг дэмждэг байсан аж.

Ноён Канг Ён Сун, “43 жилийн хугацаанд бид өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд маш олон алдаа, цаг хугацаа, ярвигтай замыг туулж ирсэн. Тухайлбал, орчин нөхцөл, тамирчин дасгалжуулагч, хөтөлбөр гэсэн гурван чухал хүчин зүйлийг цугт нь хөгжүүлэхгүйгээр энэ салбарт бидний хүссэн амжилт гарахгүй гэдгийг ойлгох хүртлээ ихээхэн цаг хугацааг туулсан. Тиймээс та бүхэнд байгаа нэг давуу тал бол энэ алдааг давтахгүйгээр, хамгийн сүүлийн үеийн, шалгарсан арга зам, технологийг шууд монголын нөхцөлд тохируулан хөрсөндөө суулгах боломж байна.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны даргын хувиар таны хүссэнчлэн, Монгол Улсын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн хөгжилд өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцахад бид хүчээ бүрэн дүүрэн дайчлахад бэлэн байна. Түүнчлэн таны хүссэнчлэн, бие махбодын түвшин тогтоох сорилын системийн талаар хамтран ажиллахад нээлттэй. Учир нь энэ систем манай улсад үнэлж болшгүй датаг бий болгож чадсан“ гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ