МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүлээлт өндөр байсан "хүчгүй" жагсаалтууд
2024.05.21
Улстөр

Хүлээлт өндөр байсан "хүчгүй" жагсаалтууд

УИХ-ын 2024 оны сонгуулийн гол онцлог нь УИХ-ын нийт 126 гишүүнтэй байхаас 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритар) аргаар, харин 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорциональ) аргаар сонгоно.

Пропорциональ буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргыг Сонгуулийн тухай хуульд тодорхойлохдоо “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал хуваарилж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно.” гэжээ.

Мөн тухайн хуулиар санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаалт гаргах юм. Өөрөөр хэлбэл, нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг тооцож нэг суудалд ногдох саналын хувьд хувааж, УИХ-ын гишүүний 48 суудлыг тэнцүүлэн хуваарилна гэсэн үг юм. Хуульд зааснаар юун түрүүнд намууд нэр дэвшүүлэх ажиллагааг тавдугаар сарын 14-20- ны хооронд явуулж дуусгах байсан ба энэ дагуу өчигдөр намууд цагтай уралдан нэр дэвшигч болон жагсаалтад багтагсадаа тодрууллаа.

Эх сурвалж: ubn.mn

МАН-ын тухайд, намын дарга, Засгийн газар, сайд нар болон одоогийн УИХ-ын гишүүдээ тойргоос сонгогдохоор дэвшүүлжээ. Харин Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Д.Сарангэрэл зэрэг саараар хэлэгддэг хэрнээ намдаа “тустай” гишүүдээ жагсаалтад багтаах байх гэсэн таамаг олон нийтэд байсан ч тэд энэ удаа алинд нь ч байсангүй. Харин МАН-ын жагсаалтыг олонд төдий л танил бус залуу докторууд, судлаачид, олонд эерэгээр танигдсан залуу бизнесменүүд, олон улсын гэгддэг хуульчид, боловсрол, үйлдвэрчний эвлэл зэрэг нийгмийн бүлгүүдийн төлөөллийг оруулжээ. Харин тухайн хүмүүсийг ямар шалгуураар сонгосноо МАН-аас одоогоор танилцуулаагүй байна. Олон нийтийн зүгээс энэ жагсаалтад сөрөг дүн тавьж байгаа нь бараг үгүй гэхээр. Харин МАН-аас залхсан сонгогчдод шинэлэг, чадварлаг, залуу гэх ойлголтыг төрүүлэхуйц байгаа нь намын гол тактик боллоо гэх нь цөөнгүй байна.

Эх сурвалж: Itoim.mn

Харин Ардчилсан нам дээрхийн эсрэг гэж хэлж болохоор жагсаалт танилцууллаа. АН-ын дарга нь жагсаалтыг тэргүүлж, намынхаа хамгийн рейтинг өндөртэй эмэгтэй лидерээ жагсаалтын хоёрт оруулсан нь хэдий шинэ, залуу горилогчиддоо боломж олгож байгаа мэт харагдавч олон нийтээс хуучинсаг, хулчгар гэх сэтгэгдлүүдийг авч эхэлжээ. Харин жагсаалтад багтсан удаах хүмүүсийг харвал төдий л бодлого яриад байдаггүй бизнесийн салбарын төлөөллүүд, мөн урьдны УИХ-ын сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон нэгэн ч байх. Гэхдээ АН дотроо олон бүлэгтэй. Жагсаалтад тухайн бүлгүүд төлөөллөө шингээсэн нь тодорхой. МАН ч мөн жагсаалтад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, генсекийн гэхчлэн тус тусын бүлгийн хүмүүсээ багтаасныг эх сурвалжууд нэрлэж байгаа.

Эх сурвалж: Ubn.mn

УИХ-д суудалтай улс төрий нэг нам бол ХҮН нам. Тэд өөрсдийгөө “УИХ-д цор ганц суудалтай намаас олон түмний дэмжлэгтэй, аймаг орон нутгуудад салбартай, улстөрийн том нам болж өргөжиж чадсан” гэж дүгнэсэн ба нээрээ л жагсаалтад 48  хүн нэрлэчих дайны байгаа нь олзуурхууштай.

Тус намын дарга нь жагсаалтыг тэргүүлсэн. “ХҮН”-ээс олон нийт шинэ дүр төрх, шинэ “жагсаалт” хүлээж байсан болов уу. Жагсаалтаас харвал УИХ-ын сонгуульд өрсөлдөж байсан, сүүлийн сонгуулиас хойш ам хуурай байгаагүй тэргүүлэх гишүүдээс гадна олонд танил бус ч судлаач, доктор, инженерүүдийг багтаасныг харж болно. ХҮН нам сүүлчийн сонгуульд эвсэж орсон бол энэ удаа дангаараа орох анхны сонгууль нь юм. 

Парламентад суудалтай, улс төрийн намуудын жагсаалтыг сонжвол ийм байна. Намууд ээлжит бус их, бага хурлууд хийгдсэний дараа албан ёсны мэдээллээ хийнэ. Харин сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай Тэмцэх Газарт энэ сарын 23-ны дотор өгөх үүрэгтэй юм. Улмаар АТГ шалгаж СЕХ-нд хүргүүлснээр СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг зургаадугаар сарын 10-нд олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ