"ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН 2023 ОНЫ ТАЙЛАН, МЭДЭЭ НЭГТГЭЛ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2024.04.30-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас албан ёсоор зохиож буй "Төрийн болон Орон нутгийн өмчийн харилцааны салбарын нэгдсэн сургалт зөвлөгөөн" яг одоо Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Хурлын заалд "Орон нутгийн өмчийн 2023 оны тайлан, мэдээ нэгтгэл" сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Дээрх сургалтын хөтөлбөрт багтсанаар Нээлтийн арга хэмжээний дараа Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга В.Жавзан "Төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолт батлах зөвшөөрөл олгох, батлах, мөрдөх эрх зүйн зохицуулалт", ТӨБЗГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхчимэг нар "Орон нутгийн өмчийн газрын төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг баталж, мөрдүүлэх ажлын хэрэгжилт" сэдвээр тус сургалтад оролцож буй Нийслэл болон Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдад тодорхой мэдээ, мэдээлэл хүргэлээ.
Үдээс хойш үргэлжилсэн тус сургалтад "Компанийн засаглал, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдвийн хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ТӨУЗХ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнэ болон Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар нар сургалтын үеэр мэдээлэл бэлтгэж илтгэл тавьсан юм. Тус илтгэлийг тавихдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ТӨУЗХ-ийн Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар зарим Орон нутгийн Өмчийн харилцааны газрын удирдлага, албан хаагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээл, хуулийг нэгмөр хэрэгжүүлж чадахгүй байгааг илэн далангүй ярьж, хурцаар шүүмжилсэн нь анхаарал татлаа. Дээрх илтгэл, тайлан мэдээллийг хэлэлцүүлсний дараачаар тус сургалтад оролцогчдын дунд нээлттэй асуулт тавих боломжтойг сануулсны дагуу Орон нутгийн Өмчийн харилцааны газрыг төлөөлж ирсэн зарим аймгийн удирдлага, албан хаагчид өөрсдийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлж байлаа.
В.Дарханбаатарын тавьсан "Компанийн засаглал, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" илтгэлтэй уялдуулан ТӨБЗГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Дэлгэрмаа "Төрийн болон Орон нутгийн өмчийн эрх зүйн харилаан дахь зарим асуудал" сэдвээр мэдээ, мэдээлэл хүргэж байна. Илтгэлийн үеэр зарим асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн ойлгох, үйл ажиллагаандаа яаж дагаж мөрдөх болон хамгийн ихээр анхаарал татаж буй Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хууль боловсруулах төслийн үйл явц, хууль хэрэглээний талаар товч тодорхой ярилцаж байна.