МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлттэй танилцав
2024.04.24
Хууль, эрх зүй

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлттэй танилцав

Хууль зүйн байнгын хорооны /2024,04,24/-ны өдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар сонслоо.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу эрх зүйн дүн шинжилгээ хийсэн байна.

Тамгын газар дээрх төслүүд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэх, төслийн зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн эсэх, төслийн хэрэгжих боломжийн талаарх дараах эрх зүйн дүгнэлтийг гаргасныг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Болдбаатар танилцууллаа.Тэрбээр Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцтой нийцэж байгаа эсэх, хуулийн төсөл бусад хууль тоггоомжтой болон төслийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо нийцэж байгаа эсэх болон төслийн хэрэгжих боломжийн талаарх эрх зүйн дүгнэлтийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хуулийн үйлчлэх хүрээ буюу шүгэл үлээгч нь зөвхөн төрийн албан тушаалтнуудтай холбоотой нийтийн ашиг сонирхлын эсрэг үйлдлийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргана гэж мэдээллийн хүрээ хязгаарыг хумьсан нь, мөн Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, танилцах эрх бүхий этгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах мэдээлэл нь уг хуулийн харилцаанд үйлчлэхгүй байхаар тусгасан нь дээр дурдсан Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцтой бүрэн нийцэхгүй байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг даган биелүүлж, хуулийн төслийн хэрэгжих боломж, хүрээ хязгаарыг нээлттэй болгох, шүгэл үлээгч нь төрийн болон албаны нууцад хамаарах асуудлаар мэдээлэл гаргасан тохиолдолд хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй бус харин энэ талаарх зохицуулалтыг уян хатан болгож боловсруулах шаардлагатай гэжээ.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээлэл хүлээн авах, нууц хадгалах тогтолцоог бэхжүүлж, энэ төрлийн гэмт хэргийг илчилсэн, мэдээлсэн хүнийг хамгаалах эрх зүйн үндэс бүрдүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг сайжруулах бодлогын хүрээнд гаргасан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52, 2021 оны 12 дугаар тогтоолуудад нийцүүлж хуулийн төслийг боловсронгуй болгох шаардлагатай гэжээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төслийн агуулгад тавигдах нийтлэг шаардлагыг хангах, шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зарчмыг баримтлан Авлигын эсрэг хууль болон төслийн зүйл, хэсэг, заалт хоорондын зөрчлийг арилгах шаардлагатай гэсэн эрх зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Ж.Болдбаатар танилцуулсан.

Энэхүү эрх зүйн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Болдбаатараас хариулт авав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Байгууллагын нууцыг тодорхойлох хуулийн зохицуулалт нь иргэний мэдэх эрхийг хязгаарлаж байгаа гэдэгтэй санал нэг байгаа бөгөөд энэ хүрээ хязгаарыг цэгцлэх шаардлага бий, харин төрийн болон нууцын асуудлаар шүгэл үлээхтэй холбоотой асуудлыг нарийвчлан үзэх нь зүйтэй бөгөөд талуудтай нягт хамтран ажиллаж, сайтар хэлэлцэн зөвшилцөх шаардлага бий гэдэг байр суурийг Б.Энхбаяр гишүүн илэрхийлж байсан.

Шүгэл үлээгчийн мэдээллийг шалгах явцад тухайн мэдээллийн дагуу шалгагдах этгээдийн эрх ашгийн талаар ямар ч зохицуулалт төсөлд байхгүй байгааг Б.Энх-Амгалан гишүүн онцолж, хэрэв буруугүй нь тогтоогдвол үүссэн үр дагаварыг хэрхэх талаар анхаарах шаардлагын талаар хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох нь зүйтэй ч эрсдэлээ тооцох ёстой хэлж байсан. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар ийнхүү сонслоо.

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Л.Мөнхбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ