МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
2024.04.24
Хууль, эрх зүй

Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.23) хуралдаанаар найман асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.Эхлээд “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн санал боловсруулах ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын төлөөллийг оролцуулан байгуулсан. Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод тусгах саналыг боловсруулж 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд уламжилсан байна.

Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульд тусгайлан заасан бусад асуудал хэлэлцэх” гэсэн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ирүүлсэн саналыг үндэслэн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах, Байнгын хорооны санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан ажиллажээ. Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбооны төлөөлөл ажилласан байна. Ажлын хэсэг 3 удаа, ажлын дэд хэсэгт 5 удаа хуралдаж дээрх тогтоолын болон хавсралтын төслийг бэлтгэжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Шүүгчдийн ажлын байрны нөхцөл, шүүгчдийг гадаад улс орнуудад туршлага судлах боломжийг бүрдүүлэх асуудлыг төсөлд тусгасан талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Нэг байранд гурван шүүх үйл ажиллагаа явуулж байгаа газар бий. Төсөлд шүүхийн 43 байрыг шинээр барих 459 сая төгрөгийн тусгасан. Төсвийг шийдвэрлэх холбогдох шийдвэрийг гаргасан тохиолдолд 2-3 жилийн дотор байрны асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж бий” гэв. Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд үүний тогтолцоо болох шүүгч нарын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх, мэргэшүүлэх асуудлыг ирэх 10 жилийн хугацаанд үргэлжлэхээр төсөлд тусгасан гэлээ.

“Шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх” 2 дахь зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 9.2 тэрбум төгрөгийг 10 жилийн хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн хэмээн ажлын хэсэг хариуллаа. Шүүхийн баримт материалын цахимжуулалттай холбоотой асуудлаар Н.Алтанхуяг гишүүн байр сууриа илэрхийлсэн бол шүүхийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулахын зэрэгцээ шүүгчийн шийдвэрийн талаарх мэдээлэл, тайлбарыг мэргэжлийн тайлбарын хамтаар иргэдэд тухай бүр мэдэгдэж, үйлчилгээ үзүүлэх, мөн шүүхийн захиргааны ажилтнуудын цалин хангамж, нийгмийн асуудлыг анхаарч байх саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх заалт хэрэгжүүлэхээр тусгасныг онцлон сайшааж байсан.

Шүүхийн цахимжуулалт, түүнтэй холбоотой хүний нөөцийн асуудлыг Ц.Сэргэлэн гишүүн хөндсөн.Ийнхүү гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргаж, гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ