МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийнхэн дотоодын үйлдвэр, худалдааны төвүүдэд ажиллав
2024.04.09
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийнхэн дотоодын үйлдвэр, худалдааны төвүүдэд ажиллав

УИХ-ын даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 49 дүгээр тоот захирамжаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, гурилын үнийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа эсэхийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Засгийн газраас өнгөрсөн 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээс өмнө зах зээлийн нөхцөл байдал, холбогдох суурь судалгаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн байр суурь, хэрэглэгчдийн санал, хүсэлт, мөн төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг нэгтгэхийн тулд цуврал хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулах юм. Олон талт хэлэлцүүлгээс урьтаж Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нар зарим зах, худалдааны төвүүдэд ажиллаж, гурилын бөөний болон килограмм тутмын үнэ, тээвэрлэлт, ачилтын бусад зардлууд болон эрэлт, нийлүүлэлтийн талаархи зах зээлийн мэдээллүүдийг нэгтгэв.

Үүний дараа “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК, “Хангай Миллс” ХХК, “Од групп” ХХК зэрэг дотоодын гурилын үйлдвэрүүдэд ажиллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох гурилын үнийг тогтворжуулахад төрөөс зорилтот бодлогоор анхаарч ирсэн бөгөөд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн тогтоол, шийдвэрүүдээс дурдаж, салбарын тойм үзүүлэлтүүдээс танилцууллаа. Тэрбээр үргэлжлүүлэн, статистик тоон мэдээллээс харахад 2022 оноос хойш гурилын үнэ зах зээл дээр тогтмол өссөн үзүүлэлттэй байгааг дурдаад энэ удаагийн ажлын хэсэг үнийн өсөлтийн бодит шалтгааныг эрэмбэлж, тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчид, бодлого тодорхойлогчид хамтран, тулгарч буй бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж, санал шийдлээ дэвшүүлэх ёстойг онцлов. Дотоодын гурилын үйлдвэрүүд хүчин чадлаас хамааран жил бүр улаан буудайн нөөцөө тариалан эрхлэгчдээс гэрээний дагуу худалдан авдаг бөгөөд байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан буудайн гарц, чанар, үнэ харилцан адилгүй хэлбэлздэг байна.

Тухайлбал, “Милл Хаус” ХХК-ийн хувьд өнгөрсөн онд нийт 19800 тонн улаан буудайг килограмм тутамд дунджаар 1095 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд дотоодын улаан буудай тариалалтын хувьд жилээс жилд чанар нь сайжирч байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Оюунбилэг тодотголоо. Түүнчлэн “Хангай Миллс” ХХК-ийн захирал Л.Ганбат хэлэхдээ, цар тахлаас үүдэлтэй тээвэрлэлт, ложистик, тоног төхөөрөмж, сав, баглаа боодлын үнийн өсөлт нь нийт өртгийн хэмжээнд нөлөөлсөн хэвээр байгааг онцлоод гурил үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээлэнд хамруулсан нь оновчтой, үр дүнтэй шийдэл болсныг тэмдэглэж байлаа. “Од групп” ХХК-ийн хувьд өнгөрсөн онд ашиггүй ажилласан бөгөөд байгаль, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан улаан буудайн гарц ч цавуулаг бага, соёололт ихтэй байсныг үйлдвэрийн удирдлагууд хэлж байв.

Ажлын хэсгийн гишүүд гурилын үйлдвэрүүдэд ажиллах үеэрээ тарилан эрхлэгчдээс худалдан авч буй улаан буудайн сорт бүрийн тонн тутмын дундаж ханш, чанар болон нөөцийн үзүүлэлтүүдийг нэгтгэж, гурилын үйлдвэрээс гарч буй нэг килограмм тутмын үнийн мэдээллийг харьцуулан хэлэлцэв. Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар товч танилцуулж, гурил үйлдвэрлэгчдийн байр суурь, санал хүсэлтийг сонслоо.

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаанаар Монголын тариаланчдын үндэсний холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны төлөөллүүдийг оролцуулан, салбарын нэгдсэн мэдээллийг сонсож, хамтарсан хэлэлцүүлэг өрнүүллээ. Улаан буудай тариаланчдын зүгээс гадаад нөхцөл байдлаас улбаалан буудайн өөрийн өртөг өссөн талаар танилцуулж, борлуулалтын жишиг үнэ, холбогдох стандартуудын хүрээнд харилцан санал солилцов. Ажлын хэсгийн хуралдаанд ХХААХҮЯ болон “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХК-ийн зүгээс салбарын зарим тоон мэдээллүүд, зорилтот бодлогын хэрэгжилт болон энэ оны тариалалтын явцын талаар танилцуулав.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан тариаланчдын холбооны төлөөллийн зүгээс олон талын нөлөөллийг тооцоолон, уян хатан зохицуулалтуудыг оновчтой тусгах хэрэгтэй хэмээн уламжилж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлэхийн сацуу асуулт асууж, хариулт авцгаасан юм. Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар болон ЗГХЭГ, ХХААХҮЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар болон УИХ-ын Тамгын газрын холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо

ШИНЭ МЭДЭЭ