МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын хяналт шалгалтын хуулийг шинэчилнэ
2024.04.05
Улстөр

УИХ-ын хяналт шалгалтын хуулийг шинэчилнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслүүд болон холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслүүдийг өнөөдөр (2024.04.05) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн тухай

Улсын Их Хурал 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон, Улсын Их Хурлын сонгуулийн холимог тогтолцоотой байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын 2 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан батлуулахыг үүрэг болгосон.

2019, 2023 оны Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг чанаржуулах, үр нөлөөг дээшлүүлэх, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилтыг ханган биелүүлэх, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуулийн хэрэгжилтийн шатанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, зөрчил, давхардал, хийдлийг арилгах чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах практик хэрэгцээ шаардлага үүссэн.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 8 бүлэг, 58 зүйлтэйгээр төслийг боловсруулжээ.

Шинэчилсэн найруулгын төслийн зарим зүйл, заалтыг онцолбол, хуулийн 11.3-т заасны дагуу үүрэг чиглэл өгсөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх тайланг Засгийн газар хагас жил тутамд Улсын Их Хуралд ирүүлдэг хэдий ч Байнгын хороод хэлэлцдэггүй, хугацаа тодорхой биш, хэзээ, хэрхэн хэлэлцэхийг хуульчлаагүй, тайлан нь зөвхөн үүрэг, чиглэл өгсөн заалтаар хязгаарладаг зэргээс хуулийн хэрэгжилтэд Улсын Их Хурал хяналт тавих үр нөлөөтэй арга механизм болж чадаагүй байна. Иймд Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг тогтмол сонсож хэлэлцэх, Улсын Их Хурлаас хууль, тогтоолоор үүрэг, чиглэл өгсөн шийдвэрийн биелэлтийг тогтмол сонсож, хэлэлцдэг байнгын шинжтэй механизмыг бий болгоно гэж үзжээ.

Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгосонтой уялдуулан сонсгол явуулах хүсэлт гаргах гишүүний тоо 9 байсныг 15 болгон өөрчилж, Түр хорооны бүрэлдэхүүнийг 7-31 гишүүнтэй байхаар заасан байна.

Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглаварыг тогтоолоор батлах, ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх асуудлын нэгэн адил агуулга, хүчин чадлыг авч үзэж, холбогдох өөрчлөлтийг тусгажээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа бөгөөд уг хуулийн төсөлтэй хамт 2021 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Олон нийтийн радио телевизийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна

ШИНЭ МЭДЭЭ