Эрмэлзлэлийн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа
2024.03.23
Гадаад харилцаа

Эрмэлзлэлийн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ХБНГУ-ын холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг нар Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ХБНГУ-ын Цахим хөгжил, тээврийн яам хоорондын Эрмэлзлэлийн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын урилгаар ХБНГУ-ын холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад албан ёсоор айлчилж байгаа бөгөөд яамд хооронд хоёр талын албан ёсны болон өргөтгөсөн уулзалтууд хийсэн юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Бундестагийн гишүүн хатагтай Изабэль Кадемартори, Бундестагийн гишүүн ноён Валентин Абель, Холбооны Цахим хөгжил, тээврийн яам болон Холбооны Автозамын газар, Холбооны логистик, хөдөлгөөний газрын албан тушаалтнууд, мэргэжлийн холбоод хувийн хэвшлийн төлөөлөгчид багтсаныг ЗТХЯ мэдээлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд Фолкер Виссингтэй уулзан, зам тээврийн дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, хоёр улс хоорондын худалдааны эргэлтийг нэмэх, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөнгөвчлөх, нийтийн тээвэр, төмөр, авто замын дэд бүтэц, бүтээн байгуулалтад евро стандарт нэвтрүүлэх чиглэлээр Холбооны Засгийн газартай хамтран ажиллахын чухлыг онцолж, байр сууриа илэрхийлж байв. Түүнчлэн, Монгол Улс, ХБНГУ хоорондын харилцааны түвшинг ахиулж стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн зам, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад саяхан айлчилсан билээ. Энэхүү айлчлалын үеэр “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ