СЛОВАКТАЙ АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ
2024.03.16
Гадаад харилцаа

СЛОВАКТАЙ АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улс хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Словакийн Тээврийн дэд сайд Д.Жилакова нар энэ сарын 8-нд Братислав хотноо гарын үсэг зурав.

Сайд нар хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаагаар өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, үүнд өнөөдөр байгуулж буй Автотээврийн харилцааны тухай хэлэлцээр чухал ач холбогдолтойг онцлоод уг хэлэлцээр нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэрлэлтийг төрөлжүүлэх,  бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжуудыг нээж өгч байгааг талууд санал нэгтэй тэмдэглэв.

Сайд С.Бямбацогт Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хангах шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомт, тээвэр, дэд бүтцийн чиглэлээр урт хугацааны бодлого явуулж буйг дурдаад Монголын экспортыг Европын зах зээлд шуурхай, саад тотгор багатай хүргэх, улмаар Европын компаниуд Монголоор дамжин манай хөрш хоёр орны зах зээл руу гарахад хэлэлцээр чухал түлхэц болно гэв.

Словакийн тал авто болон төмөр замын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, хурдны замын шинэ төслүүдийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар амжилттай  хэрэгжүүлж буйгаа танилцуулж, энэ чиглэлээрх туршлагаасаа хуваалцахад  бэлэн буйгаа илэрхийлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Словак Улсад ажиллах үеэр Словак-Монголын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Й.Чарногурский болон тус танхимын гишүүдийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтаар Словакийн бизнес эрхлэгчид Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй логистикийн төвийн төслийн талаар танилцуулав.

ШИНЭ МЭДЭЭ