МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТББХ-ны дарга Н.Энхболд ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны зөвлөхүүдийг хүлээн авч уулзав
2024.03.12
Гадаад харилцаа

ТББХ-ны дарга Н.Энхболд ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны зөвлөхүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2024.03.12) Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЕАБХАБ) Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмын хүрээнд санал солилцсон юм. Уулзалтын эхэнд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоогоор хослуулан явуулах, Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох талаар хууль зүйн болон практик үндэслэлүүдийг товч танилцуулав.

Тэрбээр, эдгээр өөрчлөлт нь төрийн бодлогын тогтвортой байдлыг хадгалах, ард түмний төлөөлөл бүхий хууль тогтоох дээд байгууллагын чадамжийг сайжруулах, хяналт тэнцлийг хангах, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх томоохон шинэчлэлийн эхлэл хэмээн тодотгосон юм. ЕАБХАБ нь гишүүн орнуудад болж буй сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, холбогдох сургалт, семинарыг зохион байгуулах зэргээр хууль сахиулах ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг.

Уулзалтын үеэр ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, шинэчилсэн зохицуулалтаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, тэдний улс төрийн оролцоог хэрхэн хангасан талаар тодруулж, сонгуулийн бүсчилсэн тойргийн хүрээнд олон улсын сайн туршлагуудаас санал солилцлоо. Мөн олон нийтэд сонгуулийн хууль тогтоомжийг таниулах, сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар ил тод мэдээлэх, сонгууль зохион байгуулахтай холбоотой судалгаа, арга зүйн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар уулзалтад оролцогчид санал нэгдэв.

ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны төлөөлөгчид манай улсад ажиллах үеэрээ сонгуулийн үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх, ажиглалт хийх, олон улсын сайн туршлагуудаас солилцох, эрх зүйн шинэчлэлийг хүртээмжтэй хэрэгжүүлэхэд дэмжин ажиллах зорилгоор төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, зарим улс төрийн намуудын төлөөлөлтэй хамтран уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар товлоод байгаа аж. Ташрамд дурдахад, манай улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн болж элссэнээс хойш тус байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албатай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсээр иржээ.

ШИНЭ МЭДЭЭ