МАЛЧИД МААНЬ ЭРВИЙХ ДЭРВИЙХЭЭРЭЭ ЗҮТГЭЖ БАЙНА
2024.02.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

МАЛЧИД МААНЬ ЭРВИЙХ ДЭРВИЙХЭЭРЭЭ ЗҮТГЭЖ БАЙНА

Мөстөж зузаарсан цас сүүлийн хэдэн өдрийн цасан шуурганд улам хатуурч хүн, малгүй төмөр зудад тамирдаж байна даа. Хэдэн малаа хорогдуулчихгүй юмсан гэж малчид маань эрвийх дэрвийхээрээ зүтгэж, өдөр хоногийг авч байна.

Бушуухан дулаараасай. Алсуураа цаг агаар ер нь улам л хүнд болж байна. Гуравдугаар сарыг л давчихвал гайгүй болох байх аа. Уран, цэцэн хоёр нийлэхээрээ болно гэдэг шиг дэм дэмдээ байхад болно доо гэж Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн малчин Бадамжунай гуай ярьж сууна.

180 орчим бог мал тоолуулсан эднийх одоогийн байдлаар 30 боодол өвстэй, 10 хоногийн нөөцтэй л байна. Арга тасрахад төв зам руу өвс ачсан машин бараадаж, таарвал ганц нэг боодол өвс гуйж түүнэ дээ.
Тэгж байтал хангай дэлхий уярч, дулаарах байхаа. Цас нимгэрээд, хайлаад ирвэл өвсгүй ч биш л дээ. Хангай баян даа гэж үг бүрийнхээ цаана итгэл тээж ярих Бадамжунай гуайнд ороод гарлаа.

Хаврын хахирхан хүнд хэцүү цагт малчдадаа төр засгийн зүгээс тусламж үзүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ярьж дуулгалаа.

ШИНЭ МЭДЭЭ