2024.02.22
Хууль, эрх зүй
Иргэдийн оролцоотой хуулийн засаглалыг төлөвшүүлнэ
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан байдаг ч төдийлөн хэрэгждэггүй.
Иргэд Улсын Их Хурлын гишүүн, хууль санаачлагчид аливаа асуудлыг хэлэлцүүлэх талаар санал, хүсэлтээ хүргүүлдэг ч төрийн үйл хэрэгт шууд оролцох зарчмаар гаргасан санал, хүсэлтийг нь өргөдөл, гомдол хүлээж авч шийдвэрлэх ерөнхий зарчмаар шийдвэрлэсээр ирсэн. Түүнчлэн хууль тогтоох үйл явцад ардчилсан засаглалын үндсэн зарчим болсон ил тод, нээлттэй байдлыг хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, улмаар шийдвэр гаргах түвшинд иргэд, олон нийтийн оролцоог хангаж ажиллах шаардлага гарсан юм.
Иймд УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар “Цахим парламент”-ын үйл ажиллагааг нэвтрүүлэх Улсын Их Хурлын шинэчлэлийн зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулж баталсан.
Нэмэлт өөрчлөлтөөр:
- Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар саналаа Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болохоор тусгасан.
- Ерөнхий сайдын мэдээллийн сэдвийн талаар цахим хуудсанд байршуулж, 5 хоногийн хугацаанд тухайн сэдвийн хүрээнд иргэдийг асуулт асуух боломжоор хангахаар тусгасан юм.