2024.02.20
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хэнтий, Сүхбаатар, Дорнод чиглэлийн тусламж хүргэх баг малчдад хүрч ажиллаж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Хэнтий, Сүхбаатар, Дорнод чиглэлийн багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат гишүүн ажиллаж байна.

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллав

Жаргалтхаан сумын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор малчид байгалийн хадлан 2000 тонн, гар тэжээл 50 тонныг бэлтгэж, сумын аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 40 тонн тэжээл бэлтгэн төвлөрүүлснээс 2023 оны 11 сараас эхлэн малчдад олгож эхэлсэн байна.

Улсын нөөцөөс суманд 1500 боодол өвс, 240 шуудай хивэг тэжээл, сумын нөөцөөс 137.5 тонн өвс, 16 тонн хивгийг 500 гаруй малчин болон мал бүхий өрхөд хөнгөлөлттэй үнээр олгожээ.

Сумын төвөөс багууд руу зам гаргах ажлыг 2 удаа хийж гүйцэтгэн нийт 225 км зам гаргаснаас одоогоор 4 багийн 160 өрх рүү 146 км зам гаргах шаардлагатай байна. 2024 оны 02 дугаар сарын 18-ны байдлаар нийт 2852 толгой мал хорогдсон буюу нийт малын 1,5% хорогдоод байна.

Хэнтий аймагт Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн корпорациас 892 тонн тэжээлийн будааг олгож, тээвэрлэлтийг бүрэн хариуцан Хэнтий аймагт хүргэхээр шийдвэрлэлээ. Үүнээс Баянмөнх суманд 150 тонн тэжээлийн будааг хуваарилсан. Тэжээлийн түрүүч нь 02 дугаар сарын 20-ны өдөр Баянмөнх суманд ирнэ.

Сумын зүгээс зам гаргахад шаардагдах техникийн тусламж, хүн эмнэлгийн эвдэрсэн машины асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт тавьсныг машины асуудлыг сумын нөөц хөрөнгөөр шийдэх, зам гаргах техник, шатахууны зардлыг улсын Онцгой комиссоос олгохоор шийдвэрлэв.

Хэнтий аймгийн Дархан суманд ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ

Сумын захиргаанаас малчдад 3900 боодол тэжээлийг хөнгөлөлттэй үнээр, 10 тонн хорголжин тэжээлийг үнэ төлбөргүй, 19 тонн хивэг тэжээлийг хөнгөлөлттэй үнээр иргэддээ олгосон байна.

Засгийн газрын тогтоолоор Хэнтий аймагт үнэ төлбөргүй олгож буй 100 тонн хивэг, тэжээлээс Дархан сумын 65 өрхөд 260 шуудайг хуваарилан олгож, 150 тонн тэжээл, тэжээлийн будааг Дархан сумын малчдад өгөхөөр шийдвэрлэв.

Дархан сумын хэмжээнд 1503 км замыг түрж гаргахад шаардлагатай том оврын хүчин чадал бүхий машин техникийг улсын Онцгой комиссоос шатахууны хамт шийдвэрлэсэн. 

ШИНЭ МЭДЭЭ