ЗАСАГЛАХ ЭРХЭЭ ИРГЭД ШУУД ЭДЭЛЖ БУЙ ТАЛБАР “D-PARLIAMENT”
Монголын нийгэмд иргэдийн улс төрийн хүнийсэл, улс төрөөс хөндийрөх үйл явц өргөжиж буйг үе үеийн сонгуулийн ирц нотолдог. Гэхдээ мэдээллийн технологи, цахим хөгжил уг асуудлыг шийдвэрлэх нөхцөлийг өргөнөөр бүрдүүлж өгч байна. Цахим улс төрийн эрин үе нь ардчиллын шинэчлэлд өөдрөг дүр зургийг авчран, орчин үеийн техникийн боломж нь бүхий л иргэдэд улс төрийн шийдвэрийг бие даан боловсруулах, хамгийн наад зах нь шууд ардчиллын зарчмыг ашиглан хууль боловсруулахад нөлөөлөх бодит нөхцөлийг бүрдүүлж байна.
Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахал нь Монгол Улсын Их Хуралд цахим шилжилт рүү эргэлт буцалтгүй орох шинэ үүд хаалгыг нээсэн юм. Ингэхдээ байнгын ажиллагаатай парламент танхимдаа цуглан хуралдах боломжгүйд хүрсэн ч үүлэн технологиор хууль боловсруулж, батлах үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, гишүүд нь дэлхийн хаана ч байсан хуралдаандаа оролцож байлаа. Үүнтэй уялдуулан цахим хуралдааны дэгтэй болж, хууль тогтоох дээд түвшиндээ анх удаа Инновац, цахим бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороог байгуулсан.
"Парламентын эрхэм зорилго нь ард түмний засаглах эрхийг хангах явдал" гэж УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон хэлсэн нь амьдралд биеллээ олж ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хамтарч хууль боловсруулдаг ардчиллын суурь зарчим хэрэгжсэн нь D-Parliament платформ юм.
АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ЗӨВЛӨЛДӨЖ, ХАМТАРЧ ХУУЛЬ БОЛОВСРУУЛДАГ “D-PARLIAMENT”
НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМ “D-PETITION”
Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах энэхүү нийтийн өргөдөл, гомдлын систем 2023 оны 10 дугаар сарын 17-нд олон нийтэд танилцуулагдсан ч сар хүрэхгүй хугацааны дотор 70 гаруй сэдвийн дор 10,000-100,000 хүний дэмжлэгтэй санал асуулга өрнөж буй нь иргэд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд нээлттэй оролцох хэрэгцээ байсныг нотолж байна.
D-Petition системийн боломжийн талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар:
- Ажлын хэсэг байгуулах санал 33.000 ба түүнээс дээш,
- Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт, шалгалт явуулах санал 70.000 ба түүнээс дээш,
- Хуулийн төслийн талаарх санал 100.000 ба түүнээс дээш иргэн дэмжвэл шийдвэрлэнэ.
УИХ АНХ УДАА НИЙТИЙН ӨРГӨДЛИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ХЭЛЭЛЦЭНЭ
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5хувь болгон нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг 2023 оны 10-р сарын 17-ны өдөр цахим өргөдлийн системд байрлуулсан бөгөөд зургаан хоног хүрэхгүй хугацаанд 104,791 иргэн дэмжиж, ДАН системээр цахим гарын үсэг зурсан. Энэ бол Монгол Улсын парламентын түүхэнд иргэд анх удаа төрийн хэрэгт цахимаар, шууд бодитой оролцсон үйл явдал болсон юм.