2024.02.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ӨРХ "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ" БОЛЛОО
Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын Цагаагчин үхэр өдөр буюу билгийн тооллын шинийн 27-ны билэгт сайн өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин Санжаадорж овогтой Лхагвацэрэн "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар тодорч, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хүндтэй шагналыг нь гардуулан өглөө.
Сэлэнгэ аймгийн уугуул С.Лхагвацэрэн 1984 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг малын эмч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа малын эмчээр эхлүүлэн улмаар 1994 оноос хувиараа аж ахуй эрхэлж эхэлжээ.
2005 оноос өнөөг хүртэл өрхийн тариаланч болон ажиллаж байгаа намтар түүхтэй нэгэн юм. Эхнэр Д.Мөнхжаргалын хамт уйгагүй хөдөлмөрлөж, 10 гаруй өрхийг нэгтгэсэн "Шимт үндэс" бүлгийг байгуулан хүлэмжийн аж ахуй эрхэлж байна.
Өнгөрсөн жил гэхэд 20х6 харьцаатай 21 ширхэг хүлэмжид өргөст хэмх тариалж, 2,5 тонн ургац хураан авсан. Мөн эрт, оройн ургацын байцай тариалж, нийт 100 орчим тонныг хураан авчээ.