ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛЭЭР “ШИНЭ СЭРГЭЛТ”-ИЙГ ЭХЛҮҮЛСЭН ПАРЛАМЕНТ
76 гишүүнтэй “отгон” парламент
Монгол Улсын Их Хурал (2020-2024)
Монгол Улс ардчилсан зарчмаар төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлаа төлөөлөөрөө дамжуулан хэрэгжүүлээд 30 гаруй жилийн нүүр үзжээ. 1992 оноос хойш найм дахь парламент өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Үе үеийн парламент өөрийн гэсэн онцлогтой бол энэ удаагийн парламент сонгуулийн санал хураалтаасаа эхлээд олон онцлог давуу талтай ажиллаж байна. Сонгогчдын хамгийн өндөр ирцтэй оролцож, томсгосон тойргоор 76 гишүүнээ сонгосон бол 76 гишүүнтэй ажиллах хамгийн сүүлийн парламент болж байна.
ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД АНХДАГЧ ПАРЛАМЕНТ БОЛОВ
Шинэ сонгогдсон гишүүд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн танхимдаа цуглан, мэтгэлцээний зарчмаар чуулган, байнгын хороодын хуралдаанаа зохион байгуулах боломжгүйд хүрч, хөл хорио тогтоосон өдрүүдэд цахим технологийн дэвшлийг ашиглан байнгын ажиллагаатай парламентын үүргээ амжилттай хэрэгжүүлж чадсан. Ингэснээр дэлхийн парламентуудын түүхэнд төдийгүй олон улсын хэмжээнд анхдагч парламент болсон.
Энэ удаагийн парламент чуулганы хуралдааны дэгээ сайжруулж, УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмээ шинэчлэн баталсан. lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn цахим системийг нэвтрүүлж иргэдтэйгээ зөвлөлдөж, хамтарч хууль боловсруулдаг суурийг тавьсан.
ЭРҮҮЛ, ШУДАРГА НИЙГМИЙГ ЦОГЦЛООХЫН ТӨЛӨӨХ ИХ НҮҮДЭЛ БОЛОН ӨРНӨЖ БАЙНА
УИХ-ын намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Намрын чуулган бүхэлдээ шинэтгэлийн чуулган байсан гэж УИХ-ын дарга онцлов. Ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлддөг, цахим парламент болох зорилтоо хэрэгжүүлж ажилласан. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Засгийн газрын ажиллах таатай боломж, нөхцөлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар
2023 онд Монгол Улсын хүн ам албан ёсоор 3 сая 500 мянга болсон. Монголчууд ийнхүү олуулаа болохын хэрээр “их нүүдлийн зүг хөдөлж”, цэгцрэх хөдөлгөөний эхлэл тавигдаж байгааг онцолмоор байна.Монголчууд цагийн аясаар өвсний шим, усны тунгалгийг дагаж нүүдэллэсээр ирсэн нүүдэлчдийн үр удам. Энэ нүүдэл энэ цагт эрүүл, шударга нийгмийг цогцлоохын төлөөх ИХ НҮҮДЭЛ болон өрнөж байна. Уламжлал, шинэчлэл хоёрын тэнцвэрийг олох, буруу зөвийн ялгааг таних, тогтолцоо, засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдөө илрүүлэн, шүүн шийтгэх зэргээр товчхондоо их өөрчлөлтөд тэмүүлсэн нүсэр хөдөлгөөн идэвхжсэн цаг үеийг бид туулж байна. Жам ёсны энэ үйл явц улмаар манай улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь багана нь болно гэдэгт итгэлтэй байна.
Өдгөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, тогтолцооны томоохон өөрчлөлтүүдийг хөрсөнд буулгахад маш чухал Сонгуулийн жил эхэлж байна. 126 гишүүн, бүсчилсэн 8 тойрог шинэ Монголын шинэ түүхийг бичнэ гэсэн хүлээлт байгаа юм.