Ц.ИДЭРБАТ: БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ДЭВШҮҮЛЖ, БОДЛОГООР ӨРСӨЛДӨХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2020-2024 оны 8 дахь парламентын хамгийн отгон УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хийж хэрэгжүүлсэн ажил, өргөн барьсан хууль, үзэл баримтлалын талаар ярилцсанаа уншигч танаа хүргэе.
- Сайн байна уу? Удахгүй болох сар шинийн баярын мэндийг дэвшүүлье?
Баярлалаа та бүхэнд. Хан Хэнтий нутгийн зон олондоо удахгүй морилон ирэх 17 дугаар жарны “Хөх луу” жилийн сар шинийн мэндийг айлтган дэвшүүлье.
- 2023 оны намрын чуулганы онцлогоос яриагаа эхэлье?
Намрын чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол баталсан. Энэ удаагийн чуулганыг шинэтгэлийн чуулган болсон гэж онцолж байгаа. Улсын Их Хурлаас байгуулагдсан Хянан шалгах түр хороо намрын чуулганы хугацаанд “Нүүрсний” хулгайн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2 үе шаттай явуулж, 412 гэрчийг дуудан оролцуулж, энэ хэргийн талаар ард түмний мэдэх эрхийг хангасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хангах, хөрсөн дээр нь буулгах сонгуулийн жил эхэлж байна. Улаанбаатараа төв гээд оруулбал бүсчилсэн 8 тойргоос 126 гишүүн холимог тогтолцоогоор сонгогдоно. Тэгэхээр нэг тойрог, нэг аймагт ажиллах биш бүс нутгийн хөгжлийн бодлого дэвшүүлж, бодлогоор өрсөлдөх боломж нээгдлээ гэж харж байна. Мөн төрийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх 109 салбарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хууль, эрх зүй дүрэм журмын түгжрэлээс гарах хуулиуд УИХ-аар батлагдсан. Олон чухал хууль шинэчлэгдэн сайжирлаа.
- Хууль сурталчлах, төр ард түмний гүүр болох чиглэлээр хэрхэн ажилласан бэ?
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажилласан талаарх судалгааг хийж, манай нэгдсэн ажлын албанаас сонирхолтой тоо баримт гаргасан. Хоёр жилийн хугацаанд 30 шахам мянган хүнд УИХ-ын чуулганаар баталсан хууль, хэлэлцэгдэж буй гол гол хуулиуд, Засгийн газрын шийдвэр, улс орны онцлог мэдээллийг хүргэн ажиллажээ. Давхардсан тоогоор 900 гаруй хүний 2630-аад асуултад хариулж, санал хүсэлтийг нь хүлээн авчээ. Иргэдээс гарсан санал хүсэлтийг эрэмбэлж, байнгын хороо чуулганд 137 удаа үг хэлсэн байна. 3 байнгын хорооны 18 ажлын хэсэгт ажиллаж их хурлын гишүүдийн хамт хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьлаа.
- Тоймлон хэлбэл?
УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүд, тэдний нэгдсэн ажлын алба Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд 2022 онд 23 сум, тосгон 89 багийн 14000 хүнтэй, 2023 оны эхний хагаст төрийн 46 байгууллага, Хэрлэн сумын төвийн 6 баг, 5 сургууль, 18 сум, 5 тосгоны 6467 хүнтэй уулзсан.
2023 оны 11, 12 дугаар сард тойргийн гишүүд болон ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгийн хамт “Сумын сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд 18 сум, 5 тосгоны 4000 гаруй хүнтэй уулзаж, 4 салбарын хэлэлцүүлэг, хөгжлийн форум, иргэдийн уулзалт зохион байгуулж, иргэдийн саналыг хүлээн авсан.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулхад УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүд 2022 онд нэг удаа, 2023 онд хоёр удаа бүх сумдадаа хүрч хуулийн төслийг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг уламжилсан.
2021.10.26 - 2024.01.21 өдөр УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүд хөдөөгийн 17 сум 5 тосгонд нийт 176 удаа хүрч 229 үйл явдалд оролцсон бол тус хугацаанд аймгийн төв Хэрлэн суманд 87 өдөр идэвхтэй ажиллаж 124 удаагийн үйл явдалд оролцож, арга хэмжээ зохион байгуулсан дүн гараад байна.
- Тойрогтоо чамгүй сайн ажилласан дүн гарчээ. Ажилласан хуулийн төслүүдийнхээ талаар ярьвал?
Иргэдээс гарсан санал, санаачилга, хөрсөндөө буухгүй байгаа асуудлыг байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэвшүүлж улмаар тухайн асуудлаар байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж судлах, хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлт боловруулан УИХ-ын даргад өргөн барьдаг. Анх Зөрчлийн тухай хуульд анхааруулж сануулахгүйгээр торгох шийтгэлийг урьтал болгодгийг залруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл 2022.03.24-нд орон нутгаас сонгогдсон, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гишүүдийнхээ хамт өргөн барьж байсан. Дараа нь “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэх мэтчилэн хуулийн төслүүд өргөн барьсан. 18 ажлын хэсэгт ажилласан. Хамгийн сүүлд 2024 оны нэгдүгээр сард миний ахалж ажилласан Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл батлагдлаа.
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн гол үзэл баримтлал нь юу вэ?
Хүүхдэд үйлчлэх хүрээг өргөтгөж өгсөн. Монгол улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа хүүхэд Монгол улсын харьяаллаас үл хамааран хууль үйлчилнэ гэсэн үг. Хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгож, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хангах, хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн хэлбэрийг хуульчилж өгсөн. Ажлын хэсгийн зүгээс хүүхдийн чиглэлээр ажилладаг ТББ, төрийн байгууллага, алслагдсан сумдад ажиллаж буй төрийн албан хаагчид зэрэг олон талын оролцоог хангаж, санал, санаачилгыг тусгасан. Энэ тухай мэдээллийг миний фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй авч болно.
- Төрийн албан хаагчдийн 5 жилийн нэмэгдлийн тухай хууль олон нийтийн сайшаалд хүрсэн?
Би 2009 оноос Сумын Засаг даргын орлогчоор төрийн албанд ажиллаж эхэлсэн. Хөдөө орон нутагт төрийн албанд ажиллах залуус ховордож, боловсон хүчний хомсдолд орох эрсдэл өндөр байсан. Хэнтий аймагт л гэхэд сумдын төрийн албанд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг ч ажиллах хүн олдохгүй, нэг албан хаагч хоёроос гурван хүний ажлыг давхар хийж байгаа нь бодит үнэн. Цалин бага, нийгмийн баталгаа хангагдаагүй, байр орон сууцгүй зэрэг шалтгааны улмаас ажил хийх залуус олдохгүй, залуус төв суурин газрыг зорих нь хэвийн үзэгдэл болоод байгаа. Тиймээс Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгодог болох зохицуулалтыг хийхээр уг хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, улмаар 2022 оны 11 дүгээр сард дэмжигдсэн. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг асуудлыг ч дэвшүүлсэн. Харин 2023 оноос Засгийн газар бодлогоор анхаарч төрийн албаны цалин цагаа нь нэмэгдэж, харьцангуй тогтворжоод ирлээ.
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлыг дэмжиж буйгаа та дээр илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд бүсийн аймгууддаа хэрхэн ажилласан бэ?
Байнгын хорооны тогтоолоор батлагдсан ажлын хэсгийн хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ахмадууд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, малчид, залуучуудаас бүрдсэн 1000 шахам хүнээр танхимаар болон цахимаар хэлэлцүүлсэн. Газрын хуулийн нэмэлт өөрчлөлт, бэлчээр ашиглалттай холбоотой гурван аймгийн малчдын чуулганыг зохион байгуулснаас гадна Хэнтий аймаг, Сүхбаатар аймгийн 250 орчим малчид иргэдээр хэлэлцүүлсэн. Нийгмийн даатгалын хууль нэлээдгүй чамбай боловсруулагдан гарсныг онцлон хэлье. Өнгөрсөн зун Хэрлэнбаян-Улаан, Малхын аймаг дундын отрын бүс нутгаар ажлын хэсэг ахлан явж 400 шахам иргэдтэй уулзаж, отрын нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг сонслоо. Газар чөлөөлөх асуудлыг дэвшүүлж, ХХААХҮ-ийн дэд сайдаар ахалсан баг үүн дээр ажиллаж байна. Сувилахуй ба эрхзүй” хэлэлцүүлгийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарын сувилагчдын дунд мөн зохион байгууллаа.
- Чуулганы завсарлагаанаар хэрхэн ажиллаж байна вэ?
Хэнтий аймгаас Монгол улсын 30, 31, 32 дахь Ерөнхий сайд сонгогдлоо. УИХ-д тав сонгогсдон туршлагатай парламентч, УИХ, Засгийн газрын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга байна. Тэр хэрээрээ Хэнтий аймагт сүүлийн жилүүдэд их бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Зүүн зүгээс Монгол улсын төрийн өндөрлөгүүд төрсөн нь нэг талаараа их хувь заяа юм. Тиймээс сургуулийн амралтын үеэр ашиглалтад орсон бүтээн байгуулалтуудаа хүлээн авч, нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Хөдөөг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түүхэн аялал жуулчлалын хөгжилд түлхэц болох нэлээдгүй ажил хийгдэж байгаа. Шинэ сэргэлтийн бодлогод туссан Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтууд амжилттай хэрэгжихэд бүсчилсэн хөгжлийн бодлого чухал түлхэц болно. УИХ-ын даргаас гишүүдэд чуулганы завсарлагааны хугацаанд ард иргэдтэйгээ уулзаж, бүсчилсэн хөгжлийн бодлогын ач холбогдлыг тайлбарлаж, үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нэгтгэн Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх чиглэлийг өгсөн. Хөдөөд ажиллахдаа энэ талаар танилцуулж явна. Удахгүй бүсийн Сүхбаатар, Дорнод аймгууддаа ажиллаж, хэлэлцүүлэг зохион байгуулна.
- Хэнтий аймгийн бүтээн байгуулалтаас онцолбол?
Намайг аймгийн Засаг даргаар ажиллаж байхад 2020 оны 9-р сард УИХ-ын гишүүд бүх сумдадаа хүрч Хэнтий аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх ажлыг иргэдээрээ эрэмбэлүүлэн авсан. Нийт 130, нэмэгдэн ирсэнтэйгээ 164 санал 23 сум, тосгоны иргэдээс гарсан. Бид үүнээс 117 ажлыг гүйцэтгэсэн байна. 4 жилийн хугацаанд 96 ажил, багц ажлуудыг нь задалбал 130 шинэ ажил хэрэгжүүлсэн бөгөөд төсөвт тусгаад байна. Үндсэн саналаас тооцож үзвэл нийт ажлынхаа 90 хувийг гүйцэтгэжээ. Бүх сумдынхаа төрийн байгууллагуудыг шинэчлэх, өргөтгөх ажлыг хийлээ. Түүхэн аялал жуулчлалын хүрээнд дэд бүтцийн ажлууд болоод хойд урд хөрштэйгөө авто замаар холбогдох боломж бүрдлээ.
- Ярилцсанд баярлалаа. Иргэд сонгогчдодоо хандан юу гэж хэлэх вэ?
Миний, бидний хүчин зүтгэлийн ард үргэлж хамт байдаг нутгийн зон олондоо талархал илэрхийлье. Та бүхнийхээ итгэл, сэтгэлийн хүчээр өдий зэрэгтэй яваа юм шүү. Хан Хэнтийчүүд, нийт Монгол түмэн минь Сар шинэдээ дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай сайхан шинэлээрэй.