Хувийн хэвшилтэй төр өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжинэ
2023.12.28
Эдийн засаг, Худалдаа

Хувийн хэвшилтэй төр өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжинэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан дийлэнх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэхүү анхдагч хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах, түншлэлийн гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох зэрэгт дагаж мөрдөх журам, аргачлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үндсэн зорилт нь төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжиж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөн үүсэх, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу тал бий болно. Түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор түншлэлийнгэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчингтодорхой болгох зохицуулалтыг хуульд тусгажээ.

Ингэснээр Монгол Улсын үнэлгээ олон улсад нэмэгдэж, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин сайжирч, ОУ-ын байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэг нэмэгдэнэ. Томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн чадамжийг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд хүртээмжтэй хүргэх олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ