Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.12.22) хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"Энэ маш чухал асуудал орж ирж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон, үндсэн хуулийн нэг чухал заалт амилах гэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо ба ирээдүйн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхийг чиглэнэ.
Иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг, ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан маш чухал. Олон жил байгалийн баялагтай холбоотой, үр өгөөж хүртэхтэй холбоотой хэл ам дагуулсан асуудлыг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цэгцэлсэн.
Үүнтэй холбоотойгоор засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 3.2.9.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан тийм болохоор цаашдаа хийх зүйл бол баялгийн сангийн хууль. Энэ баялагийн сангаасаа иргэддээ шударга хүртээх, ирээдүй хойч үедээ өвлүүлж үлдээх мөн шаардлагатай тохиолдолд монгол улсын эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ийм зориулалтаар зарцуулах ёстой. Тийм болохоор баялгийн сангийн хуулийг хэзээ оруулж ирэх бол энэ дээр эрдэс монгол компани ажиллаж байгаа байх, өөр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн хариулаад өгөөч ээ.
Энэ тогтоол батлагдсанаараа 2012 оноос хойш төрсөн хүүхдүүд “Эрдэнэт таван толгойн хувьцаа”-г эзэмшдэг болох гэж байгаа энэ маш том боломж мөн урьд нь хувьцаагаа зарчихсан иргэд хувьцаагаа буцаагаад тодорхой үнээр худалдаад авах боломж бий болгож байгаа энэ бол иргэдийн тавьдаг хүсэлт энийг засгийн газар шийдэх гэж байгаа. Дараагийн нэг чухал асуудал бол хувьцааны ногдол ашиг авдаг болох гэж байгаа, ногдол ашгаар иргэдэд хэдэн төгрөг хуваарилах вэ? Нэг хүнд хэдэн төгрөг ногдох вэ? энэ талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөөч ээ.
Мөн иргэдийн зарим хэсэг нь ногдол ашгаа аваад ажил амьдралаа залгуулах талх, махаа авахдаа зарцуулах байх, нэг хэсэг нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлчихье, нийгмийн даатгалын шимтгэлийг төлчихье, хүүхдийнхээ сургалтын төлбөрт нь суутгуулчихъя гэдэг хүсэл сонирхолтой хүмүүс гарах байх нэг хэсэг нь бол хадгалуулъя хүүхдээ насанд хүрэхээр нь ногдол ашгаа томоохон ажил, амьдрал, байр байшингийн асуудлыг шийдэх хүртэл хадгалъя аа гэсэн ийм хүсэлтүүд гарах байх энэ бүхэн дээр уян хатан байдал баймаар байгаа юм. Энэ тал дээр бид цаашид яах ёстой вэ? энэ дээр тодорхой хариулт өгөөч ээ. Тэгэхгүй бол өнөөдөр аваад идчихдэг маргааш аваад хэргэлчихдэг жил болгон ногдол ашгаа аваад үрчихдэг байлгамаар байгаа юм тэгэхээр энэ дээр иргэдийнхээ хувьцааны ногдол ашгийг хуримтлуулаад хадгалуулаад өсөж, үржүүлж, арвижуулаад тулгамдсан томоохон асуудлаа шийддэг болгох."
Түүний асуултад, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт хариуллаа.